“Uber Advanced Technologies” компани IPO буюу хувьцаагаа анх удаа хөрөнгийн зах зээлд гаргаж, 1 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж буйгаа албан ёсоор мэдэгджээ. Тус компани IPO гаргах хүсэлтээ АНУ-ын Үнэт цаас, хөрөнгийн биржийн хороонд дөрөвдүгээр сарын 11-нд өгсөн байна.
"Uber" компани хувьцаагаа Нью-Йоркийн хөрөнгийн биржид гаргана. Үнэт цаасууд нь арилжлаагдаж буй компаниудын жагсаалтад UBER нэрээрээ орох аж. Андеррайтингийн үйлчилгээг “Morgan Stanley”, “Goldman Sachs”, “Bank of America”, “Merrill Lynch, Barclays”, “Citigroup” болон бусад хэд хэдэн банк үзүүлэх аж. Хөрөнгө оруулагчдад болон шинжээчдэд зориулсан танилцуулгыг энэ сарын сүүлээр дэлхийн хэд хэдэн хотод хийнэ. Харин хувьцаагаа тавдугаар сарын сүүлчээр хөрөнгийн биржид гаргаж эхэлнэ.
Uber” нь гар утасны аппликэшн ашиглан таксины үйлчилгээ авах боломж олгодог онлайн үйлчилгээний компани юм. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод төвтэй тус компанийг бизнес эрхлэгчид болох Трэвис Каланик, Гаррет Кэмп нар 2009 онд байгуулжээ. Одоогийн байдлаар "Uber" компани нь 80 орчим орны 500 гаруй хотод үйл ажиллагаа явуулж байна.
24news.mn