Монгол Улсад орчин цагийн музей үүсгэн байгуулагдсаны 95 жил, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн 70 жилийн ойн хүрээнд тус музей Дарьганга мөнгөн урлалын сор болсон чамин нарийн ур хийц бүхий мөнгөн эдлэлийн 200 орчим цуглуулга, ард иргэдэд хадгалагдаж буй 10 гаруй үзмэрээс бүрдсэн “Нандин өв” тусгай үзэсгэлэнгээ улаанбаатарчуудад дэлгэж байна.
XIX зуунаас эдүгээ хүртэл Дарьганга нутгаас хэдэн арван алдартай уран дархчууд төрөн гарчээ. Эдгээрээс Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн сан хөмрөгт Ласран, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, М.Зундуй, Н.Содов, Н.Амартайван, Ш.Даваадорж, Б.Хүрэлбаатар зэрэг дарханы шилдэг бүтээлүүд хадгалагдаж, олны хүртээл болж байна. Дарьгангын алдарт дархан Ш.Дондовын урласан Дарьганга эхнэрийн толгойн гоёл ба Хотолбаярын урласан үзэмчин эхнэрийн толгойн гоёл Монгол Улсын “Хосгүй үнэт” өвөөр бүртгэгдэн үзэгч олны мэлмийг мялааж байна.
Үзэсгэлэнгээс дарьганга дархчуудын урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж гаргасан гойд урыг тодхон харж болно. Тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ чимгийн зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогцолбор, чадал чансаагаараа Дарьганга хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг.
Үзэсгэлэнгийн нээлт 2019 оны 07 дугаар сарын 19-ний 11.00 цагт Монголын Үндэсний музейд болно.
Эх сурвалж: Eagle.mn
24news.mn