2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Н.Нуржас: Гэрэл зураг гэдэг бол сэтгэхүй, нүд, агшин гурвын хослол

Бид гадаадын зурагчдын авсан гайхалтай байгаль, ан амьтдын зургийг харж нүдээ баясгаж, гадаадад аялж зугаалж явахыг мөрөөдөн суудаг байсан цаг ард өнгөрчээ.

Монголын чадварлаг зурагчдын ачаар Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, ан амьтдын зургийг харж "энэ МОНГОЛД УУ" гэж уулга алдмаар байгалийн сайхныг харах үе зөндөө бий. Хобби булангийн энэ удаагийн зочноор байгалийн гэрэл зурагчин Н.Нуржастай уулзуулж байна.

-Ихэнх хүний хувьд гэрэл зураг бол сонирхол хобби нь байдаг. Та хэзээнээс энэ салбарт хөл тавьсан бэ. Гэрэл зурагчин болоход тань юу нөлөөлөв?
-Гэрэл зураг авах нь миний хобби. Хүссэн зургаа гэрэл зургийн хальсанд буулгасан үед түүнээсээ таашаал авдаг. Бага байхдаа Хятадын хальсны аппаратаар хөдөө мориор зураг авдаг байлаа. 2013 онд их сургуулиа төгссөний дараа бүх мөнгөө шавхаж эртнээс авахыг мөрөөдөж байсан мэргэжлийн гэрэл зургийн аппаратаа худалдан авсан. Камертай болчихсон юм чинь Монголоороо аялж, зураг авья гэхээр бүх мөнгөөрөө гэрэл зургийн аппарат авчихсан байдаг. Тэгээд бодож байсан ажлаа хэрэгжүүлье гээд зунжингаа хуримын зураг болон бичлэг хийж мөнгө хуримтлуулж билээ. Харин түүний дараа фото студи нээн ажиллуулсан. Ажил, амьдрал тэгширч, 2015 оноос эхэлж, байгалийн зургуудаа авч эхэлсэн дээ.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Компьютер графикч, дизайнер мэргэжилтэй. Мэргэжил маань авсан зургаа боловсруулж гаргахад их тус болдог. Гэрэл зургаар дагнан сургуульд сурч, номын дуу сонсож байгаагүй ч Монголын гэрэл зурагчин мундаг ах, дүү нараасаа зөвлөгөө авч суралцаад явж байна. Бас Google, Youtube гээд хоёр том багш байгаа шүү дээ.

-Гэрэл зураг авна гэдэг мэргэжлийн аппарат бариад дүрсийг нь буулгахдаа биш, хүний сэтгэлийг хөдөлгөж чадах өгүүлэмжийг хэлдэг болов уу. Та зураг авахдаа сэтгэлдээ эхэлж хардаг уу. Эсвэл дурандаа буулгадаг уу?
-Камераа чиглүүлээд буулгасан чанар нь сайн, тод байвал хүмүүс гоё зураг байна гээд боддог. Тийм биш. Сайн зохиомж, зөв өнцөг, агшин тухайн байгалийн онцлогийг харуулж авах ёстой гэж боддог. Сайн зураг ярьдаг. Би энэ зургаар би юуг харуулах, юуг нь онцлохыг зорьж байна гэдгээ эхэлж бодно. Бас тийм зураг авах юмсан гэж бодож төсөөлнө. Тэгэхээр гэрэл зураг гэдэг бол сэтгэхүй, нүд, агшин гурвын хослол юм. Тухайн агшныг халсандаа буулгаж чадвал тэр л аз жаргал шүү дээ. Өнгөрсөн аравдугаар сарын дундуур Хөвсгөлөөр аялахдаа маш олон сайхан зураг авсан. Өмнө ийм зураг авах юмсан гэж мөрөөдөж байсан гурван зургаа хальсандаа буулгаж чадсан шүү.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.