Манай дэлхийн хамгийн анхны амьд биет далайн гүнд бий болсон гэж үздэг. Тодруулбал дэлхийн цөмөөс далайн ёроолын нүх сүв, ан цаваар ялгарч байсан илч дулаан, химийн бодисууд амьдрал үүсэх нөхцлийг бүрдүүлсэн юм.
Тэгвэл NASA-гийн илгээсэн Кассини хөлөг ийм нөхцөл байдал Санчир гарагийн мөсөн дагуул болох Энцелад (Enceladus) дээр бий болсныг илрүүлжээ.
Энэ нээлтийн дүнд дэлхийгээс өөр гарагаас амьдрал хайх эрлийн жагсаалтын хамгийн эхэнд Энцелад зогсож, түүн рүү илгээх судалгааны төхөөрөмжүүдийн төрөл, зорилго нь өөрчлөгдөхөөр болж байна.
Нээлтийн нэг гайхалтай тал нь Кассини хөлөг анхнаасаа дагуулын зөвхөн атмосферийг нь судлах зорилготой байсан. Гэтэл манай дэлхийгээс 1.2 тэрбум километр зайнд оршдог Санчирын дагуулын 20 км зузаан мөсөн хучлагын дор байгаа уснаас онцгой чухал найрлагыг олж авсан байгаа юм.
Энцеладын цөм асар их халуун тул далайн ёроолоос нь энерги, химийн бодисууд ялгарч байгааг илрүүлсэн байна. Мөн дагуулын цөм нь төмөрлөг бүтэцтэй болохыг тодруулжээ. Ийм “дулаан-төмөр-ус” гэсэн гурвалын үр дүнд төмөрлөг цөм нь уснаас хүчилтөрөгчийг шимж авдаг ба үүний үр дүнд устөрөгч бий болж байдаг. Яг ийм үйл явц манай дэлхийн далайн ёроолд байгаа ан цавт явагдаж байдаг гэнэ.
Амьдрал үүсэхэд хэрэгтэй зургаан суурь элемент нь устөрөгч, нүүрстөрөгч, хүчилтөрөгч, азот, фосфор, хүхэр гэж эрдэмтэд үздэг юм. Үүнээс гадна эдгээр элементүүдийг нэгдэж, амьдрал үүсэх замыг тавихад дулааны үүсгүүр хэрэгтэй. Кассинигийн судалгаагаар зургаан элементийн дөрөв нь Энцелад дээр байгаагаас гадна дулааны эх үүсгүүр байгаа юм.
Тиймээс Санчирын дагуул дээр өөр ямар сонин содон шинж тэмдэг байгааг дараагийн илгээх судалгааны хөлөг илрүүлэхээр болж байна.
NASA мөн Бархасбадь гарагийн дагуул Европа руу судалгааны хөлөг илгээх гэж байгаа. Энэ дагуул нь мөн шингэн ус агуулж байгаа гэгддэг. Энэ бүгдээс үзвэл хүн төрөлхтөн өөрийн нарны аймаг дотроос шинэ амьдралын эхлэлийг хамгийн түрүүнд нээж магадгүй боллоо.
Эх сурвалж: Quartz
24news.mn