Өнгөрсөн пүрэв гаригт Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д холбогдох хэргийн шүүх хурал болж, тэрээр өмгөөлөгчийн хамт оролцож, үг хэлжээ. Тэрбээр хоёр өмгөөлөгчийн хамт шүүгчийн асуусан асуулт бүрт хариулжээ. Шүүх хурал хоёр цаг үргэлжилсэн байна.
Пак Гын Хе “Би өнгөрсөн дөрвөн жилийн турш ядрах гэж юу болохыг мэдэхгүй болтлоо ажиллаж байсан. Гэвч миний энэ хөдөлмөрийг зохиомол хэрэг болгон өөрчилж, намайг гэмт хэрэг үйлдсэн гэж шалгаж байгааг ойлгохгүй, бас хүлээн зөвшөөрч чадахгүй байна.
Бизнес эрхлэгч Чой Сун Шил "Самсунг" болон "Лотте" группийн өндөр албан тушаалтнуудтай уулзаж, тэднээс их хэмжээний мөнгө авсныг нь мэдээгүй. Энэ хэрэгт хамсаатан болж байгаадаа харамсаж байна.
Надад тэднээс 53 тэрбум вон авсан удаа байхгүй, харин ард иргэддээ хандаж хэлэх үгээ Чой Сун Шил-д өгч, санаа оноо авдаг байсан нь үнэн. Би энэ үйлдэлдээ бүх ард түмнээс уучлалт гуйсан. Харин одоо надад үүсгэж байгаа бүх хэрэг бол зохиомол зүйл" гэжээ.
Пак Гын Хе-д холбогдох хэргийн дараагийн шүүх хурал энэ сарын 29, 30-ны өдрүүдэд нээлттэй явагдах бөгөөд хуралд суух хүсэлтэй энгийн иргэдийг бүртгэж, компьютер оноолтоор сонгогдсоныг нь шүүх хуралд оролцуулах юм байна. Тус хуралд Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-тэй хамт оролцох хүмүүсийн нэр одоогоор тодорхой болоогүй байгаа аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
24news.mn