2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Дуучин А.Хишигдалай: Миний ялагдалд хэн ч буруугүй, харин...

Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаараас хасагдсан дуучин А.Хишигдалай энэхүү ялагдлаа тун ч баяртайгаар хүлээж авсан. Тэрбээр үзэгч олны өмнө хэдийнэ хэлэх үгээ бэлдчихээд байсан бололтой. “Би угаасаа энэ шоунаас хасагдана гэдгээ мэдэж байсан. Харин ч ёстой өдийг хүртэл тэсч ирсэндээ баяртай байна. Надад бол гомдоод байх юм алга.

Дуучин хүний хувьд, цаашид энэ алдаагаа засч сайжруулаад чанартай уран бүтээлүүдээрээ үзэгч түмэнтэйгээ уулзах юм чинь. Намайг чин сэтгэлээсээ дэмжиж, мессеж санал илгээж ирсэн үнэнч найзууддаа маш их баярлалаа. Би сэтгэлээр унахгүй ээ, хийдгээ хийгээд л явна. Миний энэ ялагдалд хэн ч буруугүй. Угаасаа хувирч чаддаггүй намайг уучлаарай. Харин намайг хурцалж өгсөн шүүгч нартаа баярлалаа” хэмээн сэтгэл өөдрөг ярьсан түүнийг үдэхдээ харамссан хүн цөөнгүй байх.

Түүнтэй хамт энэ шоунаас хасагдсан жүжигчин Б.Ариунцэцэгийн нөхөр шүүгч нарт дургүйцлээ илэрхийлэн цахим ертөнцөд дуулиан шуугиан дэгдээж байхад дуучин А.Хишигдалай дуугүй суухыг илүүд үзжээ. Хэдийгээр бодлогогүй яриа, дүрсгүй ч гэмээр олон үйлдлээрээ сонсогч фэнүүддээ танигдсан дуучин бүсгүй энэ удаад хэлээ хазаж, өөрийг нь өдийг хүртэл дэмжиж ирсэн үзэгчдийн урмыг хугалахгүй байхыг хичээсэн гэнэ шүү.

                                                                                                                                                                                                        С.Бамбар

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.