2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Google, Apple, Microsoft, Amazon болон Facebook хамгийн үнэ цэнтэй брэндүүдийг тэргүүлжээ

Google, Apple, Microsoft, Amazon болон Facebook компаниуд дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтын эхний тавд бичигдсэн байна. Энэ тухай Их Британийн WPP болон Kantar Millward Brown компаниудаас хамтран гаргадаг жил тутмын “The BrandZ Global Top 100” гэдэг илтгэлд дурдсан байна.

Эхний гуравт энэ онд өөрчлөлт ороогүй бол Amazon компани санхүү, бизнесийн үзүүлэлтүүдээ сайжруулж чадсанаар долдугаар байрнаас дөрөвдүгээрт жагсч чаджээ. Харин Facebook байр сууриа хэвээр хадгалсан байна. Дээр дурдсан 5 компанийн ашиг нь уг чансаанд бичигдсэн нийт 100 компанийн ашгийн 25 хувийг эзэлж байгаа юм.

“The BrandZ Global Top 100”-ын жагсаалтын эхний байруудыг инновацид тулгуурласан интернетийн том том компаниуд эзэлдэг” гэж BrandZ-ийн захирал Питер Волш ярьсан байна.

Судалгааны явцад дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг гурван сая гаруй хүний дунд дэлхийн зах зээл дээрх 120 гаруй мянган брэндийн талаар санал асуулга явуулжээ. Түүнээс гадна компаниудын санхүүгийн болон бизнесийн үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.

1971 онд байгуулагдсан WPP компани нь зар сурталчилгаа, олон нийтийн харилцааны салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тус компани Kantar Millward Brown пүүсийг эзэмшдэг ба тус пүүс нь брэндийн судалгааг явуулахаас гадна брэндийн стратеги, зар сурталчилгааг оновчтой болгох, брэндийн хөрөнгийн судалгааны чиглэлээр зөвлөгөө өгдөг ажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.