2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Одон орончид нартай адилхан "халуун тамын гараг"-ийг нээжээ
Америкийн одон орончид цельсийн 4000 градусын халуун гадаргуутай шинэ гарагийг нээжээ. Ийм өндөр хэм нь Нарны гадаргуугийн температуртай ойролцоо юм. Халуун гараг нь манай Нарны аймгийн Бархасбадь гарагаас хоёр дахин том гэнэ.  

Энэ гараг нь одоогоор мэдэгдэж буй гараг эрхэсүүдийн дотроос хамгийн халуун нь бөгөөд Дэлхийгээс 650 гэрлийн жилийн зайд Хунгийн ордод байрладаг байна.

“KELT-9b” гэдэг нэртэй энэ гараг “KELT-9” гэдэг халуун одыг маш ойрхон зайд тойрон эргэдэг ба энэ одыг бүтэн нэг тойрох хугацаа нь дэлхийн хоёр хоногтой тэнцдэг ажээ.

Сар дэлхий рүү зөвхөн нэг талаараа харсан байдгийн адилаар “KELT-9b” гараг ч уг халуун од руу нэг талаараа харсан байрлалтай байдаг аж. Энэ гарагийн гадаргуугийн хэм цельсийн 4300 градуст хүрдэг нь улаан одой оддын хэмээс ч их байгаа юм. Энэхүү нээлтийг Америкийн Огайо муж улсын их сургуулийн судлаачид хийжээ.

Одноос ийм ойрхон зайд байдаг нь уг гараг удаан хугацаанд оршин тогтнох боломжгүй гэдгийг харуулж байгаа юм. Хэт ягаан туяаг асар их хэмжээгээр хүлээн авч байгаа болохоор хий цацарсан гэрэлтдэг сүүл үүсгэн ууршиж байна гэсэн үг юм.  

“KELT-9b” нь улайссан хий араасаа дагуулдаг тул сүүлт одтой төстэй харагддаг байна.

Агаар мандлын хэм нь их өндөр учраас “KELT-9b” гарагийн нягт маш ихээр сийрэгшсэн байдаг, үнэн хэрэг дээрээ молекул үүсгэх чадваргүй дан ганц атомуудаас бүрддэг байна. Хэдийгээр “KELT-9b” гараг Бархасбадь гарагаас хоёр дахин том, жингээрээ гурав дахин хүнд боловч түүний нягт нь Бархасбадийн нягтаас хоёр дахин бага ажээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, “KELT-9” од нь Нарнаас 2,5 дахин хүнд жинтэй, хоёр дахин их халуун гэнэ.

“KELT-9b” гарагийг эрдэмтэд 2014 онд илрүүлсэн бол уг гарагийг ажиглан судлахад гурван жилийн  хугацаа зарцуулжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.