Британийн Ерөнхий сайд, Консерватив намын тэргүүн Тереза Мэй 6 дугаар сарын 8-ны өдөр болсон парламентын бүх нийтийн ээлжит бус сонгуулийн дүнгээр цөөнхий засгийн газар байгууллаа. Сайд нарын танхимын хуучин ихэнх гишүүд албан тушаалдаа хэвээр үлджээ. Т.Мэй Консерватив намын дарга болоод Хууль зүйн сайдын албан тушаалаас халсан Майкл Гоув Засгийн газрын бүрэлдэхүүндээ эргэн ирсэн нь санаанд оромгүй гэнэтийн зүйл болжээ.
Сүүлийн өдрүүдэд Британийн Ерөнхий сайд Т.Мэй Консерватив намын гишүүдийн шүүмжлэлийн бай болоод байгаа билээ. Бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргаснаар Т.Мэй Лейборист нам тэргүүтэй сөрөг хүчнийг бут ниргэж, парламент дахь өөрийн байр сууриа эрс бэхжүүлнэ гэж тооцоолж байсан юм. Гэсэн хэдий ч тэгж чадсангүй, хэдийгээр Консерватив нам сонгуульд хамгийн олон суудал авч ялсан ч энэхүү ялалт нь ялагдлын амттай болжээ. Орон нутгийн ажиглагчид Нийтийн танхимд эрх баригч нам олонхийн статусаа алдсан нь Консерватив намын хувьд сүйрэл гэж үзэж байгаа төдийгүй Т.Мэй-г үеэ өнгөрөөсөн намын дарга гэсэн нэр хоч өгч байгаа аж.
Т.Мэй-гийн Засгийн газрын Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон /2010-2016/, Британийн Сангийн сайд асан Жорж Осборн хоёр Т.Мэй-г “явдаг үхдэл” гэж нэрлэсэн ба учир нь Т.Мэй албан тушаалдаа нэг их удахгүй, ийм байдалтай аль хир удах нь асуудалтай гэжээ.
Хэний ч санаанд ороогүй гэнэтийн зүйл бол Их Британийн Засгийн газарт европын холбоог үгүйсгэгч Майкл Гоувыг Засгийн газартаа буцаан авч Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн хөгжлийн сайдаар томилсон явдал болжээ. Дэвид Камероны сайд нарын танхимд тэрбээр Хууль зүйн сайдаар ажиллаж байсан ба өнгөрсөн оны 6 дугаар сард Д.Камероныг огцорсны дараа Консерватив намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигч Борис Жонсоныг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч М.Гоув энэ бодлоо маш хурдан өөрчлөн Б.Жонсоны манлайлах чанаруудад нь эргэлзэж, улмаар өөрөө нэр дэвшсэн юм. Түүний энэ алхмыг намынхан нь улс төрийн урвалт гэж үзсэн ба Т.Мэй Консерватив намын дарга болсны дараа М.Гоувыг Хууль зүйн сайдын албан тушаалаас чөлөөлөн шинэ Засгийн газартаа аваагүй билээ.
“Би нэлээд их гайхсан гэдгээ хэлье. Надад ийм албан тушаал өгнө гэж би үнэхээр бодоогүй. Засгийн газрын нэг хэсэг нь болж байгаадаа баяртай байна” хэмээн М.Гоув сайдаар томилогдсоноо мэдээд хэлжээ.
Хуучин Засгийн газрын ихэнх сайдууд албан тушаалдаа хэвээр үлдсэн ч зарим нэг сайдыг тухайлбал, Хууль зүйн сайд Элизабет Трассыг албан тушаалаас нь бууруулж, Их Британийн Сангийн сайдын нэгдүгээр орлогчоор томилжээ.
Сайд нарын танхимаа бүрдүүлж дууссаны дараагаар Т.Мэй Засгийн газрын анхны ажлын хуралдаанаа зарлажээ. 6 дугаар сарын 13-ны мягмар гарагт Британийн Ерөнхий сайд Европын холбооноос Их Британийг гаргах асуудлыг Францын Ерөнхийлөгч Э.Макронтой хэлэлцэхээр тус улс руу явах аж.
Мөн өдрөө Т.Мэй Умард Ирландын Ардчилсан холбооны намын /DUP/ тэргүүн Арлин Фостертой хийх хэлэлцээнд оролцох юм. Уг хэлэлцээгээр Нэгдсэн вант улсын парламентад Консерватив намын цөөнхийн Засгийн газрыг дэмжих гэрээг хэлэлцэх юм.
24news.mn