Өмнө нь Англи, ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багуудаас гадна Италийн топ клубүүд болох Милан Рома Ювэнтус, Испанийн Реал Мадрид зэрэг томоохон багыг удирдаж байсан, зузаан намтартай мэргэжилтэн бол Фабио Капелло. Энэ долоо хоногт 71 насны төрсөн өдрөө тэмдэглэх Итали мэргэжилтэн дасгалжуулагчийн замналдаа цэг тавихыг хүсэхгүй байгаа бололтой. Ердөө 2 жилийн өмнө Дэлхийн хамгийн өндөр цалинтай дасгалжуулагчаар тодорч байсан түүнтэй саяхан Хятадын Супер лигийн Жиансу Сунин клуб гэрээ хийжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Хятадын баг түүнд долоо хоногийн 120 мянган фунтын цалинг өгөхөөр тохиролцсон гэнэ. Түүний энэ шилжилтийг дагаад Хятадын лигт шилдэг тоглогчид дахин очих магадлал нэмэгдэж байгаа. Хятадад очих магадлалтай хамгийн эхний тоглогчоор Швед довтлогч Златан Ибрахимовичийг нэрлэж байгаа бөгөөд Английн Манчестер Юнайтед багаас хасагдаад удаагүй байгаа түүнийг авах санхүүгийн чадавх Жиансу Сунин багт бүрэн бий. Одоо тус багийн бүрэлдэхүүнд Бразил хагас хамгаалагч Рамирес, Алекс Тейшейра, Колумб довтлогч Рожер Мартинес нарын тоглогчид багтаж байгаа юм.
24news.mn