2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Монгол бөхийн нандин дурсамжууд

Томоо гүзээтэй эр чөргөр залуу насандаа чөлөөтөөр барилдаж байсан гэсэндээ үе үе хөл авчихаад байх нь элбэг. Тэгвэл зарим бөхчүүд өмсөх, суйлах гэх мэт мэхийг огт хийж чадахгүй байх нь ч бий. Сумогийн дэвжээнээ ир бяраа гайхуулж явсан Дагвадорж аварга хавирах мэхийг тун сайн хийдэг тухай Д.Долгорсүрэн заан нэг удаа дурссан байдаг. Америкт болсон нэг үзүүлэх барилдааны үеэр саяхан зодог тайлчихсан Чиётайкайг хавираад түрүүлж байсан удаатай. Гэлээ ч сумо бөхөд хөл мэх, ялангуяа хавирах мэхийг хийхэд их эрсдэлтэй учраас тэр бүрий хийгээд байдаггүй гэдэг.
Хавирах, хавсрах мэхийн тухай нэгэнт ярьж эхэлснийх энэ мэхтэй холбоотой хоёр, гурван сонирхолтой түүхийг хүүрнэе. 

Гурав барилдахад хоёр давна, чамайг
Хөл урттай, гуя бүдүүнтэй Ч.Батзориг заан нааж хавирахыг хар багаасаа л хийдэг байж. Түүний шуудаг өргөн биш харин ч нарийхан гэмээр. Уг нь бөхчүүд шуудагнаасаа атгуулахгүй, татуулахгүй гэхдээ тун өргөн хийлгэдэг байсан цаг саяхан. Шавилхан биетэй П.Дагвасүрэн арслан Х.Баянмөнх аваргатай улсын наадмын үзүүр түрүүнд барилдсныхаа дараа авахуулсан зураг дээр бараг 20 см орчим өргөн шуудаг өмссөн байгаа нь зураг дээр түүх болон үлдсэн нь бий. Тэгвэл урт хөлтэй заан маань шуудгаа нарийхан хийлгэчихээр өрсөлдөгчид нь татахад тун хэцүү байдаг. Ч.Батзориг заан нэг удаа Баруунтурууны улаан хацартай, улайрч, дайрч барилддаг Б.Ганбаттай хэн нь илүү хавирдгаараа өрсөлдсөн гэдэг. Ингээд “Би Ганбаттай гурав барилдахдаа хоёр хаяна” гэж ам гарчээ. Тухайн үед Ганбатыг ирээдүйн аварга хэмээн өргөмжилж, их аварга Б.Бат-Эрдэнийг хазайлгачихдаг байсан үе нь. Ингээд удаа дараалан тунаж таарах хоёр залуугийн өрсөлдөөнд Ч.Батзориг үнэхээр илүү даваатай үлдэж чадсан гэдэг.

Бие тааруу, бас хавирч чаддаггүй хэмээх Д.Сумьяабазар
Нэгэн жилийн наадмын өмнөхөн нэг сонинд өгсөн ярилцлагадаа “Бие тааруу, бэлтгэл дутуу” хэмээн ярьж дээшээ барилдахгүй юм байна гэсэн сэтгэгдлийг Д.Сумьяабазар олонд түрүүлсэн ч үнэн хэрэгтээ үзүүр булааж билээ. 
Мөн нэг удаа Сумьяабазар “Та ямар мэх хийж чаддаггүй вэ?” гэсэн асуултад “Хавирах мэхийг ёстой хийж чаддаггүй. Хийх гэхээр өөр дээрээ татаж уначих гээд байгаа юм шиг эвгүй санагддаг” гэж ярьсан юм. Үнэхээр Су аварга үүнээс өмнө хавирч давж байсан нь бараг үгүй биз.
Гэтэл нэг цагаан сарын барилдаанаар тэрбээр гэнэт өнөөх бардаггүй хавираа мэхээ баараггүй хийгээд түрүүлчихлээ. Тэр цагаан сараар А.Сүхбат аваргыг тохой сөхөж хавираад, түрүүлэхдээ И.Доржсамбууг хагалж цохиод давчихсан юмдаг. Ингэж хутгах, өхийлдөх, хонгодох, шуудагдаж татах мэхээр өрсөлдөгчөө орхиод сурчихсан аварга маань гэнэтхэн хавирах мэхийн “хаан” шахуу болчихож билээ. 

Ганц удаа баруун хавирсан нь наадмын түрүү хүртээжээ
Улсын аварга О.Балжинням үндэсний бөх, жүдо, самбогоор ч тун сайн барилдаж, ясны бөх гэдгээ олонд олон удаа нотлон харуулсан. Жүдо бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, улсын их баяр наадамд ч нэг түрүүлээд амжсан аргагүй аварга бөх.
Ардын хувьсгалын 70 жилийн их баяр наадмын үзүүр түрүүнд тэрбээр “Том” Сүхбаттай таарсан. Ёстой унаж, нугарахын үегүй юм шиг гурван жил босоо дархалсан Б.Бат-Эрдэнэ аваргыг этэж хойш нь суулгачихаад өөртөө итгэж чадахгүй баярлан хөөрсөн “Том” Сүхбатыг Балжинням тооцоондоо нарийн оруулснаар түрүүлж чадсан юм. Балжинням аварга тэр барилдаанд “Том”-ыг баруун хавирч давсан байдаг. Хожим аварга энэ тухайгаа “Би өмнө нь хэзээ ч баруун талаараа хавирч байгаагүй. Зүүн хавирах гэхээр яг тэр талаас хавираа ирнэ гэдгийг Сүхбат мэдэж байгаа нь тодорхой. Ингээд түүний санаанд ороогүй мэхийг даацтай хийх шаардлага гарсан. Тэгээд л амьдралдаа ганц удаа баруун хавирсан нь тэр” гэж хэлж билээ. Ийнхүү ганц л удаа баруун хавирсан нь улсын их баяр наадмын түрүү авчирсан нь гайхалтай. 

Бөхийн удам буюу эцгийн сэтгэл
Монгол бөх удам дагадаг. Үүнийг үгүйсгэхвий гэсэн шиг маш олон бөхчүүд удам даган барилдаж, эцгийнхээ шийрийг хатааж яваа нь улсын харцага Суядааны Ганзоригийн хүү Ганхуяг. С.Ганзориг гуай тун дэврүүн сэтгэлтэй нэгэн байсан гэдэг. Тэгээд ч багш нь нэг удаа “Чи арай л түргэдээд байх юм. Уг нь ард нь 20 кг-ийн ачаа дүүжлээд тавьчихвал арай сайн барилдах байх” гэж хэлж байсан ч гэдэг.
Ганхуягийн хувьд аавынхаа амжилт, цолыг ахиулж баярлуулж чадсан билээ. Аав нь тэнгэрт хальсан тэр жилийн наадмаар Ганхуяг барилдах эсэхээ шийдэж ядсаар эцэстээ эцгийнхээ дэвж, давж явсан ногоон дэвжээг эзгүй орхих эрхгүй гэдгээ ойлгон зодоглохоор шийджээ. Ингээд наадмын хариуцлагатай даваанд өрсөлдөгчийнхөө зүүн хөлийг авах бодол агуулан өрж зогстол үзэгчдийн суудлаас “Миний хүү, баруун хөлийг нь аваа!!!” гэж аав нь хэлэх шиг сонсогдож. Саяхан эцгээ алдаж, сэтгэл нь сэмэрсэн Ганхуяг үзэгчдийн суудал руу хичнээн харуулдсан ч хэн хашгирсныг олсонгүй. Ингээд өрсөлдөгчийнхөө баруун хөлийг нь авч давжээ. Наадам өндөрлөж, гэртээ харихдаа тэрбээр ээждээ эцэг нь үзэгчдийн суудлаас түүнд зөвлөгөө өгөх шиг санагдсан тухай дурссан гэдэг. Ингэж аав нь мөнх бусыг үзүүлсэн ч гэсэн эцэг үрийн холбоо үргэлжилсээр байдаг нь монгол бөхийн нэгэн гэгээн дурсамж юм даа.

Эцгийнхээ итгэл, сэтгэлд хүрэхийн төлөө
Эцэг үрийн сэтгэлийн тухай ярианд заавал бөх удам дагадаг гэж өгүүлэх нь бас өрөөсгөл болов уу. Саяхан И.Доржсамбуу гарьдаас ярилцлага авахад хэлсэн түүний ярианы нэгэн хэсгийг энд нэмэрлэмээр санагдлаа. Есөн зүйлийн даншиг наадамд Монголын тухайн үеийн шилдэг бөхчүүдийн ихэнх нь очсон юмдаг. Булганы Гурванбулагийн залуу тэгэхэд долоо давж, улсын заан цолны болзлыг хангасан. Гэвч хэсэг хугацааны дараа эл наадмаар цол олгох боломжгүй тухай яриа гарчээ. Тэр үед гарьдын аав тэнгэрт хальсан байна. Бурхны оронд одохынхоо өмнө аав нь хүүгээ “Улсын заан цолтон” гэж бодож байсан нь хожим Доржсамбууг тэрхүү цолыг хүртэхээр зүтгэхэд их нөлөөлсөн гэдэг. “Аав минь намайг улсын заан гэж бодож байгаа. Би тэр бодолд нь хүрэх ёстой” гэж гарьд байнга боддог байжээ. Энэ л бодол түүнийг ирлэж, өдөр бүр бэлтгэл хийж, өрсөлдөгчөө хэрхэн давах тухайгаа бодолхийлэхэд хүргэдэг байж. Нутгаасаа ч цөөхөн гарсан Ишдорж гуай улсдаа цуутай бөх болсон хүүгээрээ бахархаж, түүгээрээ жаргадаг байсны хариуг хүү нь тийнхүү хичээл зүтгэлээрээ хожим хариулж, улсын заан цолны босгыг давсан. Зааны босгыг даваад зогсохгүй бүр үзүүр түрүүнд үлдэж, төрийн есөн хөлт цагаан тугийг есөнтөө тойрох хувь заяасан билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.