2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
ТАБНУ-д ачааны машин онхолдсоны улмаас 78 хүн амиа алджээ

 Их хэмжээний ачаа ачиж, олон тооны зорчигчдыг суулгасан ачааны тэрэг осолдсоны улмаас 78 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн аймшигт осол Төв Африкийн Бүгд Найрамдах Улс /ТАБНУ/-д мягмар гарагт гарчээ.

Ачааны тэрэг Малум тосгонд 7 хоног бүр худалдааны зах дээр болдог өдөрлөг рүү явах замдаа нийслэл Банги хотоос зүүн хойд зүгт 300 км-ийн зайд, Бамбари хотоос 10 км-ийн зайтай газарт осолдсон байна. Бамбари хотын их сургуулийн эмнэлгийн ерөнхий эмч Чеймберлейн Бама ослын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. Тэрбээр хэлэхдээ "ослын газарт 78 хүн амиа алдаж, 72 хүн бэртэж гэмтсэн байсан. Зарим хүмүүсийг ослын газраас шууд гэрт нь авчирсан байсан бөгөөд тэдгээр хүмүүс тун удалгүй нас барсан мэдээ бидэнд ирсэн" гэлээ.

Бамбари хотын парламентын гишүүн Амасека Топи ослын шалтгааныг тайлбарлахдаа, хэтэрхий их ачаа ачаад асар хурдтай явж байсан учраас осол гарсан гэж үзэж байгаагаа "Reuters" агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

Ачааны машин зах дээр болдог өдөрлөгт амжиж очихын тулд маш их хурдтай явж байсан байна. Далайд гарцгүй тус орны авто замыг хэдэн арван жилийн турш засалгүй орхисноос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг жолооч нар үл тоомсорлодог байна.

ТАБНУ-д 2013 онд лалын шашинтнуудын бослого дэгдэж, Ерөнхийлөгч Франсуа Бозизег түлхэн унагаснаас хойш тус оронд хямрал мөргөлдөөн зогсохгүй байгаа юм. Үүний улмаас мянга мянган хүн амиа алдаж , тус улсын хүн амын 20 гаруй  хувь орон гэрээ орхин дүрвэсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.