АНУ-ын эзэмшлийн Гуам арлын эрх баригчид Номхон далайн энэ арал дээр байрлах Америкийн цэргийн объектод цохилт өгч магадгүй тухай Умард Солонгосын мэдэгдлийг заналхийлэл гэж үзэхгүй байгаа тухайгаа мэдэгджээ. Энэ тухай Гуамын захирагч Эдди Кальво лхагва гарагт “Youtube”-д байршуулсан тусгай мэдэгдэлд дурджээ.
Тэрбээр “аюулгүй байдлаа баталгаатай” хангахын тулд тус арлын албад, АНУ-ын эрх баригчидтай хамтран ажиллах болно. Би Гуамын оршин суугчдад одоогийн байдлаар манай арал эсвэл Марианы арлуудад ямар нэгэн аюул заналхийлэл байхгүй гэдгийг батлан хэлье” хэмээн Э.Кальво хэлжээ. Пхеньяны мэдэгдэлтэй холбоотой Гуамд аюул үүссэн талаарх үнэлгээг эргэн харах ямар ч шаардлагагүй гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Тус арал найдвартай хамгаалалтанд байгаа гэдгийг Гуамын захирагч дахин сануулаад “би өнөө өглөө Цагаан ордонтой ярьсан, Гуам руу довтлох эсвэл түүнд заналхийлэх нь Америкт халдан довтолж байгаатай ялгаагүй. Тиймээс Цагаан ордон Америкийн хамгаалалтыг бүрэн хангах болно” гэжээ.
Мөн Э.Кальво тус арлын эрх баригчид “үйл явдал ямараар ч өрнөсөн байсан бэлэн байгаа” гэж батлан хэлжээ. Үүнээс гадна аврах албад, цэргийнхний бэлэн байдлыг шалгах тусгай баг гаргах гэж байгаагаа мэдээлжээ.
Лхагва гарагт БНАСАУ-ын ЦТАК агентлаг Солонгосын ардын арми АНУ-ын Гуамд байрлах цэргийн объектуудад, түүний дотор стратегийн бөмбөгдөгч B-52 нисэх онгоц байрлаж буй Андерсон баазад анхааруулах цохилт өгөх төлөвлөгөөг боловсруулж байгаа мэдэгдсэн юм.
24news.mn