Эрэгтэйчүүдийн гурвын харайлтын төрөлд АНУ-ын тамирчин, Олимпийн хошой, ДАШТ-ний хошой аварга К.Тайлор дахиад түрүүллээ. Энэ удаа К.Тайлор өмнөх амжилтуудаасаа буурч 17.68 м харайсан ч энэ нь түүнд алтан медаль авахад хангалттай байж чадсан. Харин мөнгөн медалийг нутаг нэгт тамирчин У.Клэй 17.63 м-н амжилтаар хүртсэнбол хүрэл медалийг Португалын Н.Эвора хүртжээ.
У.Клэй сүүлийн хувьд хүчтэй өрсөлдөгч, нутаг нэгт К.Тайлорыг бас л ялж чадсангүй. У.Клэй 2012, 2016 оны Олимпийн наадмуудад мөнгөн медаль хүртэж К.Тайлор алтан медаль хүртэж байсан. Мөн У.Клэй 2011, 2013 оны ДАШТ-нд хүрэл медаль хүртэж байжээ.
К.Тайлор 3 дахь гүйцэтгэлээрээ 17.68 м харайсан нь энэ удаагийн ДАШТ-ний хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Харин Бээжингийн Олимпийн алт, 2007 оны Дэлхийн аваргын алтан медальт Н.Эвора ээлжит хүрэл медалиа хүртэж ДАШТ-нээс 4 дэх медалиа энгэртээ зүүж байна.
24news.mn