Өмнөд шинэ Уэльсийн цагдаагийн газар 1987 онд Австралийн тус мужийн Засгийн газарт зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой шалтгаанаар Д.Трампын Сиднейд казино барих захиалгыг нь хүлээж авахгүй байхыг зөвлөж байжээ. Энэ тухай лхагва гарагт The Australian сонинд мэдээлжээ. Тус сониныхон 30 жилийн өмнө явагдсан Австралид томоохон казино байгуулах тендерийн баримт бичгүүдийг гартаа оруулжээ.
“Өмнөд шинэ Уэльсийн засгийн газар өнөөгийн АНУ-ын Ерөнхийлөгч мафийнхантай холбоотой тухай анхааруулсан цагдаагийн газрын илтгэлийг үндэслэн Дональд Трампын Сиднейд анхны казино байгуулах, ажиллуулах төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзжээ” гэж тус сонинд мэдээлжээ.
Сиднейд казино барихаар дөрвөн групп компани өрсөлдсөн ба тэдгээрийн дотор тэр үед Атлантик-Сити-гийн казино эзэмшдэг Д.Трампын үүсгэн байгуулсан консорциум, Австралийн барилгын “Kern Corporation” байжээ.
Тэр үед цагдаагийн газраас Өмнөд Шинэ Уэльсийн засгийн газарт бэлтгэж өгсөн материалыг тус сонин дурджээ, тухайлбал, уг материалд: “Атлантик-Сити” загвар бол Сиднейд таарах эсэх нь эргэлзээтэй, үүнээс гадна, бидний үзэж байгаагаар Д.Трамп мафтай холбоо сүлбээтэй байгаа тул өрсөлдөгчийн жагсаалтаас хасах ёстой” гэсэн байжээ.
Улмаар Австралийн тус мужийн эрх баригчид энэхүү төслийг хэрэгжүүлэхээс бүрмөсөн татгалзсан ба Сиднейд хамгийн анхны казино 1997 онд байгуулагдсан байна.
24news.mn