Google, Apple, Facebook тэргүүтэй хэд хэдэн компани АНУ-ын шүүхэд хандан шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гар утасны байршлын талаарх мэдээллийг хууль сахиулах байгууллагынхан шүүхийн зөвшөөрөлгүйгээр авч болох эсэх асуудлыг нарийвчлан тогтоож өгөхийг хүсчээ. Энэ тухай мягмар гарагт “The Verge” сүлжээгээр мэдээлжээ.
Саяхан “Карпентер АНУ-ын эсрэг” нэхэмжлэлийг Дээд шүүх авч хэлэлцэхээр хүлээж авсантай холбоотойгоор дээрх хүсэлт нь ихээхэн холын үр дагавартай гэж тус сайтад мэдээлжээ. Хэрвээ гар утасны эзэмшигчийн байршлын талаарх мэдээлэл гуравдагч этгээдэд /гар утасны операторт ч биш, гар утас эзэмшигчид ч биш/ байгаа бол Америкийн хууль сахиулах байгууллагууд шүүхийн тогтоолгүйгээр ийм мэдээллийг шаардах, авах эрхтэй эсэхийг тодорхой болгох нь энэхүү нэхэмжлэлийн гол агуулга юм.
Google, Apple, Facebook түүнчлэн Airbnb, Dropbox компаниуд дээрх хүсэлтдээ, “Хууль сахиулах байгууллагынхан тоон мэдээлэл нь нууц байдаг гэж итгэж найдаж буй хүмүүс болон технологийн интернет-үйлдвэрийн газруудтай бодитоор харилцах явдлыг хангах зорилгоор Дээд шүүх АНУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр нэмэлт өөрчлөлтийн тодорхой зүйл заалтуудыг хэрэглэх эрх зүйд нарийвчилсан тайлбар өгөх” шаардлагатай байна гэжээ. Дээрх компаниуд хэд хэдэн эрх зүйн зүйл заалтууд, тэдгээрийн тайлбарууд нь орчин үед “чухал ач холболдолтой биш” болоод байна гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Иймд АНУ-ын шүүх “тоон технологийн хөгжлийн цаг үед хүмүүсийн хувийн амьдралд оролцохгүй байх асуудалд илүү уян хатан хандах” шаардлагатай болж байгаа аж.
Өнгөрсөн оны 6 дугаар сард Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг АНУ-ын эрх баригчдад өгөхөөс татгалзаж байгаа нь өөрсдийгөө хуулиас дээгүүр тавьж байна гэж Apple болон Цахиурын хөндийн бусад аварга том компаниудыг буруутган шүүмжилж байсан юм. Калифорнийн нэг террорист этгээдийн барьж байсан iPhone ухаалаг гар утасны аюулгүй байдлын системийг эвдэн нэвтрэх аргыг Apple компани АНУ-ын ХМТ-нд хэлж өгөхөөс татгалзсан явдлыг Блумбергийн ажил хэргийн мэдээний агентлагын эзэн жишээ болгон дурджээ. Тэр үед Блумберг үндэслэлгүй нэгжлэг хийхийг хязгаарладаг төдийгүй бас “хангалттай, баттай үндэслэл байгаа тохиолдолд баривчлах шийдвэрийг биелүүлэхийг тов тодорхой зөвшөөрдөг” АНУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр нэмэлт өөрчлөлттэй сайтар танилцахыг зөвлөж байжээ.
24news.mn