Саяхан гэрээгээ цуцалж, чөлөөт агент болмогцоо Кливлэндийн бүрэлдэхүүнд очсон Вэйдийн талаар хүмүүс янз бүрээр ярьж байгаа. Гараанд гарна, эсвэл гарахгүй гэх мэтээр. Тэгвэл үүнд түүний байрлалд тоглодог Жи.Ар Смит огт эмзэглэхгүй байгаа гэнэ. Түүний хувьд гараа эсвэл сэлгээнээс тоглох эсэх нь тийм ч чухал биш ажээ.
“Вэйд сэлгээнээс тоглох, эсвэл би сэлгээнээс тоглох эсэх нь баг хүчирхэг болох боломжийг бүрдүүлж байгаа нөхцөлд ямар ч хамаагүй. Одоохондоо би гараанд гарах боломжтой байгаа гэдгээ л мэдэж байна. Би одоо 14 дэх жилдээ энэ лигт тоглож байна. Өмнө нь янз бүрийн зүйл үзэж байлаа. Одоо бол гараа эсвэл сэлгээнээс тоглох нь надад үнэхээр хамаагүй” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.
Ямартай ч Вэйдийг ирсний дараах хоёр бэлтгэлд Смит хоёуланд нь гараанд гарсан юм байна. Тус гараанд түүнээс гадна ЛэБрон Жэймс, Жэй Краудэр, Дэрик Рөүз, Кэвин Лаав нар багтсан байсан гэнэ.
Улирал эхэлтэл 3 долоо хоног хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдээд байгаа билээ. Тэгвэл хэн нь гараанд гарч, хэн нь сэлгээнээс тоглохыг Бостон Сэлтиксийн эсрэг хийх нээлтийн тоглолтод харах л үлдлээ.
24news.mn