2024 оны 11 сарын 24
Чөлөөт цаг
Лейди Гага: Эрсдэл гаргаагүй байсан бол хэзээ ч амжилтад хүрэхгүй байсан

Дуучин Лейди Гагагийн “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг сонирхуулж байна.

-Яаж од болох вэ гэдэг тал дээр өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байсан уу?

-Хүмүүсээс огт өөрөөр, тодорхой нэг хэв маягтайгаар биеэ авч явбал чиний юу хийж байгааг хүмүүс сонирхож эхэлдэг гэдгийг би ойлгосон. өнөөгийн нөхцөлд ямар нэгэн этгээд гаж сонин хэв маяггүйгээр бусдын анхаарлыг өөртөө татах боломжгүй.

-Чиний жинхэнэ нэр бол Стефани Жерманотта, харин Лейди Гага бол чиний бүтээсэн өөр нэгэн ертөнц?

-Би нэг л өдөр Лейди Гагаг бий болгочихъе гэж шийдээгүй. Лейди Гага бол миний мөн чанар юм. Хүмүүс үргэлж л миний гадаад төрх, ямар брэндийн хувцас өмсдөг талаар асуудаг, харин би энэ талаар юу ярихаа ч мэдэхгүй. Ямар ч брэнд байхгүй. Зүгээр л ажлын хувцас. Би өөрийгөө хүмүүсийг сэргээж, сайхан сэтгэгдэл төрүүлдэг өглөөний цайны жүржийн шүүс гэж төсөөлдөг.

-Гаргаж байгаа ааш аяг, уран бүтээлийн замналыг чинь харахад залуу Мадонна болохыг маш их хүсч байгаа юм шиг харагдаад байдаг?

-“Муу зураачид хуулбарладаг, агуу зураачид хулгайлдаг” гэж Пабло Пикассо хэлсэн байдаг. Эндээс бүх зүйл ойлгомжтой, юу нэмэх юм бэ? Би Мадоннагаас үлгэр дууриал авдаг нь үнэн гэхдээ хуулбарладаггүй.

-Ер нь өөрийгөө Парис Хилтонтой харьцуулснаас Мадоннатай харьцуулсан нь хамаагүй дээр байх л даа?

-Тэр үнэн шүү. Би Парис Хилтонтой хамт курст явж байсан. Миний бодлоор тэр бол уран бүтээлч биш. Мөн миний сурч байсан сургуульд Парисийн дүү Никитэйгээ хамт сурч байсан. Шашны сургууль байсан л даа. Зарим хүмүүжигчид нь урлагийн авъяастай, зарим нь хар тамхины донтой байдаг.

-Тэр үед чи олонд танил байсан уу?

-Би театр хөгжмийн студийн бяцхан оюутан байсан. Шаргал үстэй, энхрий ялдам охидтой зууралддаггүй байлаа. Би тэр үед одоогийнхоос 20 кг илүү жинтэй, хүрэн үстэй, онцгойроод байх юмгүй. Намайг үеийнхэн маань шоолж инээлддэг байсан ч би урлагт зүтгэнэ гэсэн ганцхан хүсэлтэй байлаа. Тиймдээ ч хожим нь ямар ч эргэлзээ тээнэгэлзэлгүйгээр бааранд хагас нүцгэн бүжиглэж, зөөгч, олон ажлыг хослуулан хийдэг байсан. Би ямар нэгэн чөдөр тушаагүйгээр амьдарч, уран бүтээлээ туурвихыг хүссэн.

-Энэ бүхэнд гэр бүлийнхэн чинь хэрхэн ханддаг байсан бэ?

-За даа, энэ тухай дурсахгүй байсан нь дээр ч юмуу. Анх би жүжигт тоглож, хүнд металл дуулж байхад ээж намайг галзуурчихаж гэж бодсон. Харин аав надаас ичиж байлаа. Би чинь юу хийж байгаагаа ч ойлголгүй ердөө л зугаацаж байсан шүү дээ. Харин одоо бол би хэзээ ч аливаа зүйлийг хэтрүүлж байгаагүй гэдгээрээ бахархаж болно. Хамгийн гол нь хар тамхи бол гоц гойд байхад минь тусалсан зүйл минь. Эрсдэл гаргаагүй байсан бол хэзээ ч амжилтад хүрэхгүй байсан.

-Олон уран бүтээлчид хар тамхи дутагддаг гэж ярьдаг?

-Хар тамхи дутагддаг гэж ярьж байгаа хүмүүс бол зүгээр л гутамшигтай.

-Мөнгөнд хэр их ач холбогдол өгдөг вэ?

-Мөнгөнийхөө ихэнх хэсгийг хөгжмөндөө зарцуулдаг. Миний цомог дээр ажиллаж байгаа студээс гэнэт л гайхамшиг ирнэ гэж хүлээж суудаг хүн би биш. Бүх мөнгөө эргэлтэнд оруулдаг. Би өөрийнхөө шоуг өөрийнхөө мөнгөөр санхүүжүүлэх дуртай. Харин зүгээр л их мөнгө цуглуулаад мөнгөнийхөө хэмжээнээс таашаал аваад суух нь утгагүй хэрэг. Хүмүүс атаархлаасаа болоод ухаан солиорч, сүйрэл рүүгээ мөлхөж байна. Эргэн тойронд арьс өнгөөр ялгаварлах үзэл гаарч, улс төрчид цусны үнэрт улангасдаг араатан шиг дайнд тэмүүлээд л. Маргааш юу болохыг би мэдэхгүй, гэхдээ өнөөдрөөс сайжирна гэж бодохгүй байна. Мөнгө хүнийг үхүүлэх, амьдруулах ганцхан л хүч оршдог. Хүн алсан хүн бол алуурчин, тэд өөрсдийгөө мөнгөний боол болсноо мэдэхгүй тэгэж аашилдаг юм. Харин би бол мөнгийг захиарагч нэгэн.

-Чи өнөөдөртөө сэтгэл хангалуун байж чадаж байна уу?

-Миний эцсийн зорилго бол Парисын Луврт Лейди Гагагийн том үзэсгэлэн гаргах. Харин энэ зорилго биелвэл юунд тэмүүлэхээ мэдэхгүй болох байх. Би өнөөдрөөр амьдрахаас бас айж байна.

-Яг арван жилийн өмнө чи ямархуу охин байсан вэ?

-Одоо бодохоор хөөрхийлөлтэй тэнэг амьтан шиг харагддаг байсан учир, залуус намайг тоодоггүй байсан байх.

-Чи бага байхаасаа л ийм загварлаг, этгээд хувцасладаг байсан уу?

-Бага бол жирийн л хүүхдүүд шиг хувцасладаг байлаа. Аажмаар загварын талаар илүү их мэдлэгтэй болж, янз бүрийн загвар сэтгэж, бусдаас өөрөөр, заримдаа их этгээд хувцасладаг болсон. Миний нэр чинь хүртэл “Хатагтай этгээд” шүү дээ.

-Ингэхэд гэр бүл, хүүхэдтэй болохыг хүсч байна уу?

-Маш их. Гэхдээ өнөө маргаашгүй гэсэн үг биш л дээ. Ер нь бол нөхөртэй, хүүхэдтэй болохыг их хүсч байна. Гэхдээ ганц хүүхэд биш хөл бөмбөгийн багтай болмоор байна. Үнэндээ хөлбөмбөгийн баг гэдэг нь жаахан хэтрүүлэг л дээ. Ямар ч гэсэн цөөхөн хүүхэдтэй байхыг хүсэхгүй байна.

-Алдар нэртэй байхын юунд нь дургүй вэ?

-Хүмүүс биднийг өөрсдийнхөө асуудлыг шийдэх цаг завгүй, хэтэрхий завгүй гэж боддог. Дээр нь өдөр бүр хэвлэл мэдээллийнхэн, паппараци дагаж, тэр дунд найз нөхөд гэр бүлийнхэн маань энэ ачааг үүрэлцэхэд хүрдэг. Би өнөөдрөөс хойш ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцахгүй гэж бодож байгаа. Бүр биш юм аа гэхэд нэлээд удаан хугацаагаар.Ер нь би сүүлийн үед сонин уншихгүй, зурагт үзэхгүй байгаа болохоор их амар тайван байгаа. Ээж заримдаа “Тэнд нэг тийм юм бичсэн байна чи уншсан уу” гэж асуухад би огт сонирхдоггүй. Тэд яахав надаар л бизнес хийж байгаа биз.

Б.Дэлгэрцэцэг

Лейди Гага: Эрсдэл гаргаагүй байсан бол хэзээ ч амжилтад хүрэхгүй байсан

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.