1991 оны 1-р сарын 18-ны энэ өдөр МХЗЭ-ийн XX Их хурлаар Монголын залуучуудын нийтлэг хүсэл сонирхол, эрх ашгийг хамгаалах зорилгоор шинэ үеийн залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын Холбоог байгуулахаар шийдвэрлэсэн байна. Өдгөө тус холбоо нь залуучуудын эв нэгдлийн гол тулгуур болсоор 27 жилийн ойтойгоо золгож байна. Монголын Залуучуудын Холбоо 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд салбар нэгжтэй тусгай салбарын 7 холбоо, чиглэлийн асуудал эрхэлсэн залуучуудын 16 байнгын хороо, дэргэдээ Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж, Залуучуудын Хөгжлийн “Полиси” төв, Залуучуудын Аялал Жуулчлалын төв, Монголын Хүүхдийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа явуулж байна
Өнгөрсөн 2017 онд Монголын Залуучуудын Холбоо “Залуусаа Нэмье” уриан дор олон талт үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгууллаа. Сар бүр “Ухамсар Нэмье”, “Итгэл Нэмье”, “Сэтгэл Нэмье”, “Хүсэл Нэмье” зэрэг аянуудыг өрнүүлэн, залуусыг ухамсартай, итгэлтэй, сэтгэлтэй, хүсэлтэй, мөрөөдөлтэй байхыг уриалж байсан юм. “Эрхээ Идэвхжүүлье: Залуучуудын оролцоо”, “Халдваргүй Ирээдүй: Мэдлэгээ хэрэглээ болгоё”, “Иргэний Андгай өргөх ёслол”, “Залуучууд Судлал” эрдэм шинжилгээний хурал, “Залуу Манлайлагч Эмэгтэйчүүдийн үндэсний чуулган” зэрэг томоохон төсөл хөтөлбөр, үйл ажиллагаануудыг зохион байгуулсан билээ.
2018 оны босгон дээр “NEXT STOP” ёслол хүндэтгэлийн наадмыг зохион байгуулж, оны шилдгүүдээ шалгаруулсан юм. Энэхүү наадмаараа Монголын Залуучуудын Холбоо бүтээн байгуулалтын он тоолж эхэлснийг албан ёсоор зарлалаа. Бүтээгч залуусын эрин үе эхэллээ.
24news.mn