2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног оскарт "сойно"
“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Оскарын “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор оролцох эрхтэй боллоо. Энэ талаар тус киноны уран бүтээлчид өнөөдөр Монголын театрын музейд мэдээлэл хийв. 

Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой бүтээсэн найруулагч Д.Золбаярын энэхүү бүтээл нь Америкийн кино академийн дээд шагнал Оскарын “Гадаад хэл дээрх кино” төрөлд албан ёсоор өрсөлдөх эрхтэй болсон бөгөөд бусад хөгжиж буй орнуудад энэхүү боломж нээгдсэн ч дараагийн сурталчилгааны кампанит ажил дутмагаас шалтгаалан амжилт гаргаж чадахгүй тохиолдол гардаг. Оскар бол нэг ёсондоо “киноны олимп” гэж хэлж болох бөгөөд Монголчууд бид нэгэн сэтгэлээр түүхэн амжилт гаргахын төлөө нэгдэн, кино урлагийг дэмжих шаардлагатай гэдгийг уран бүтээлчид хэлж байна.
 


Найруулагч Д.Золбаяр: 
Монгол фильм группээс санаачлан олон төрийн бус байгууллага, хувь хүмүүс нэгдэн ажиллаж “Чингисийн хүүхдүүд” киногоо Монголынхоо ард түмэнд хүргэхэд бэлэн боллоо. Энэ киног нүүдэлчин монголчуудын ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах зорилгоор бүтээсэн. Бид энэ зорилгоо биелүүлж эхэлж байна. Одоогийн байдлаар 10 гаруй олон улсын кино наадамд оролцох урилга аваад байна.
 


Зөвлөх продюссер Д.Цэнгэл: 
90 дэх удаагийн Оскарын кино наадамд нийт 92 улсаас нэр дэвшүүлснээс Оскарын хороо Монгол Улсыг бүртгэж авсан. Оскарын шагнал гардуулах ёслол 2018 оны гуравдугаар сарын 4-нд болно. 2018 оны нэгдүгээр сар хүртэл 92 улсын уран бүтээлчид кампанит ажил явуулж 5 улсын кино Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид тунаж үлдэнэ. Дэлхий дахиныг хамарсан кампанит ажил явуулж байж олон улсын шүүгчид, кино сонирхогчдын анхаарлыг татаж чадна. Манай кино Оскарт албан ёсоор оролцох эрхтэй болсноо баталгаажуулж байгаа болохоос өрсөлдөх эрхтэй болсон гэсэн үг биш. Өрсөлдөх эрхтэй болохын тулд хамгийн сүүлийн 5 кинонд тунаж үлдэх хүртэлх үйл ажиллагааг бид зохион байгуулах шаардлагатай.
 


Жүжигчин Р.Анхням: Энэ киног Монголыг дэлхийд сурталчлах гэхээсээ илүү Монгол хүүхдүүд ээж, аавтайгаа ирж үзээсэй гэж бодож байна. Хотод амьдарч байгаа хүүхдүүд хөдөөний амьдралаас холдсон байна. Нэгэнт бид нүүдэлчин соёлтой учраас хөдөөний хүүхдүүд яаж амьдарч, байгаль орчинтойгоо хэрхэн зохицож чадаж буйг үзээсэй гэж бодож байна. Уран бүтээлчийн хувьд манай кино Монгол ахуй, ёс заншил, соёлыг дэлхийд сурталчилж чадах бүтээл болсон.
 
Эртний түүхт морин уралдааны өнөөгийн уламжлал соёл, эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны киноны зураг авалтыг 2016 оны дөрөвдүгээр сард Архангай аймгийн Цэнхэр суманд эхлүүлж жил гаруйн хугацаанд нийт нэг тэрбум 200 сая төгрөгийн төсөв зарцуулан бүтээжээ.

Уг киноны зураглаачаар Д.Ангараг, продюссерын багт МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг, зохиолчоор Ч.Ганзориг, Г.Буянцогт нар ажилласан бол гол дүрийг Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Р.Анхням, Britanny Belt нар бүтээжээ.
Энэхүү киногоор өнөөдөр “Улаанбаатар” олон улсын кино наадмыг нээх бол маргаашнаас эхлэн бүх кинотеатруудаар гарах юм.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.