2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Туркийн цэргүүдийг Ливиэс хөөж гаргахаа амлав

 Ливийн Үндэсний арми /ЛҮА/ “Туркийн эзлэн түрэмгийлэгчид” болон тэдний хөлсний цэргүүдийг Ливиэс хөөж гаргах хүртэл ухрахгүй гэж тус армийн командлагч Халиф Хафтар мягмар гарагт мэдэгдэв.

“Бидний эх орон аюулд ороод байна. Эх орны маань одоо болон хойч ирээдүйд Туркийн колоничлолын аюул нүүрлээд байна. Туркийн түрэмгийлэл Ливийн эв нэгдэл, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж байна. Туркууд эдийн засгийн хямралаа даван туулахын тулд манай улсын нөөц, баялагт хяналтаа тогтоохыг зорьж байна” гэж тэрбээр цохон хэлжээ.

“Бид улс төрийн тохиролцоонд хүрэхийг уриалсан олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагуудад хариу өгсөн. Гэсэн хэдий ч энэ хугацааг Ливид зэвсэг, хөлсний цэргүүд байрлуулахад ашиглахыг бид зөвшөөрөхгүй. Туркийн түрэмгийллийн эсрэг тэмцэнэ. Бид үндэснийхээ зарчмуудыг баримтлан Туркийн эзлэн түрэмгийлэгчид, тэдний хөлсний цэргүүдийг хөөх хүртэл ухрахгүй" гэж Хафтар анхааруулжээ. ЛҮА энэ халдан түрэмгийллээс, террористуудаас ливичүүдийг хамгаалахын тулд “хүчин чадавхиа нэмэгдүүлсээр байх болно” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

2011 онд Ливийн удирдагч Муаммар Каддафиг төрийн эрхнээс түлхэн унагаж, улмаар хөнөөсний дараа тус улсын эрх мэдэл хоёр хуваагджээ. Ливийн зүүн нутагт ард түмнээс сонгогдсон парламент хуралдаж байгаа бол нийслэл Триполи хотод НҮБ болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр байгуулсан, Файез Сарраж тэргүүтэй үндэсний эв нэгдлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Триполигоос хараат бус үйл ажиллагаа явуулж буй тус улсын зүүн хэсгийн эрх баригчид маршал Хафтараар удирдуулсан ЛҮА-тай хамтран ажиллаж байгаа юм. Хафтар 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр нийслэл рүү давшсаны дараа жил гаруйн өмнө Ливийн сөргөлдөгч талуудын хооронд тус улсын гол хотын төлөөх байлдаан өрнөсөн билээ.

 

Триполийн Засгийн газар хариуд нь өөрийн хяналтад байгаа бүх зэвсэгт бүлэглэлийг дайчлан, өнгөрсөн оны 11 дүгээр сард байгуулсан цэргийн хамтын ажиллагааны санамж бичгийг үндэслэн Туркээс тусламж хүсжээ. Одоогийн байдлаар Үндэсний эв нэгдлийн Засгийн газар Анкарагийн дэмжлэгтэйгээр ЛҮА-ийн өмнө нь эзлэн авсан хэд хэдэн газар нутагт хяналтаа эргүүлэн тогтоожээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.