2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Эмч нарын ажил хаялтыг Мүн Жэ Ин тулааны талбараас зугтаж буйтай зүйрлэжээ

Коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байгаа энэ үед эмнэлгийн ажилтнууд ажил хаясны хариу арга хэмжээг хатуу авна гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ. 

“Томоохон цар тахлын үед эмч нар ажил хаях нь цэргүүд тулааны талбараа орхин зугтсантай адил юм” гэж Мүн Жэ Ин цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр эмч нарыг удахгүй ажилдаа эргэн орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ эмнэлгийн ажилтнуудын энэ үйлдэлд хууль тогтоомжийн хүрээнд хатуу хариу арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. 

БНСУ-ын эмч нар эрүүл мэндийн салбарт хийхээр төлөвлөж буй Засгийн газрынхаа шинэчлэлийг эсэргүүцэж байгаа аж. Уг шинэчлэлд анагаах ухааны сургуульд элсэн орох квотыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Эмч нарын тоо нэмэгдсэнээр өрсөлдөөн ихсэж, орлого нь багасна гэж эмч нар болгоомжилж байгаа аж. 

Өмнө нь БНСУ-ын Засгийн газар Солонгосын эмч нарын холбоотой коронавирусний цар тахлын эргэн тойрон дахь хямрал дууссаны дараа маргааныг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхээр тохиролцжээ. Гэвч эмч нарын холбоо ажилдаа эргэн орох талаарх байр сууриа өөрчилсөнтэй холбоотойгоор эмнэлгийн ажилтнууд ажил хаялтаа үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Энэ нь мэс заслын тоо багасахад хүргэж, эмч нарын ажил хаялтын улмаас өвчтөн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан анхны тохиолдол гарчээ.

Пүрэв гаргийн байдлаар БНСУ-д өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо гуравдугаар сараас хойш анх удаа 400 давжээ. Шинээр илэрсэн тохиолдолуудын дийлэнх нь нийслэл хотын бүсэд бүртгэгдсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.