2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Д.Трамп Их Британи, АНУ-ын найрамдалт харилцааг сайшаажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагийн орой Букингемийн ордонд төрийн хүндэтгэлийн зоог барих үеэрээ Их Британи, АНУ-ын найрамдалт харилцааг сайшаасан байна. Хатан хаан Элизаветагийн хувьд хоёр улсын ард түмний аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг олон арван жилийн турш баталгаажуулсаар ирсэн хоёр талын харилцаа холбоог онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Их Британид гурван өдрийн айлчлал хийх хугацаандаа Нормандад холбоотны цэрэг буусны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Даваа гарагийн өглөө Д.Трамп "Их Британи улаан хивс дэвсэх ёсгүй" хэмээн хэлсэн Лондон хотын дарга Садик Ханыг твиттер хуудсаараа дамжуулан шүүмжилсэн байна. Харин хүндэтгэлийн зоогийн үеэр Д.Трамп Дэлхийн хоёрдугаар дайны үед гаргасан Британичуудын эр зоригийг сайшаагаад, хатан хааныг “маш агуу эмэгтэй” хэмээн нэрлэжээ.  

Мягмар гарагийн өглөө Д.Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей нар “Гэгээн Жеймс”-ийн ордонд ажил хэрэгч өглөөний зоог барина. Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Нормандад холбоотны цэрэг буусны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Портсмут хотыг зорих юм. 

Хатан хаан Элизавета албан тушаалаа хашиж буй хугацаандаа АНУ-ын 12 Ерөнхийлөгчтэй уулзаж байсан бөгөөд Д.Трампын хувьд тус хугацаанд Их Британид төрийн айлчлал хийж буй гурав дахь Ерөнхийлөгч болжээ. Урьд нь Жорж Буш, Барак Обама нар тус улсад төрийн айлчлал хийж байсан ажээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.