2024 оны 04 сарын 18
Шинэ мэдээ
Салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулахаар техник хэрэгсэл худалдан авжээ

Салан тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийг дүрс бичлэгээр уулзуулахад зориулж БНСУ тоног төхөөрөмж худалдан авжээ. Энэхүү тоног төхөөрөмжийг БНАСАУ-д нийлүүлэх аж. Энэ тухай Үндэстнээ нэгтгэх яам мэдээлжээ.

"Камер, дэлгэц зэрэг техник хэрэгслүүдийг худалдан авсан бөгөөд БНАСАУ-д нийлүүлэх хугацаа, арга замуудыг тус улстай хэлэлцэнэ” хэмээн Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

БНСУ салан тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийг дүрс бичлэгээр уулзуулахад зориулсан төвүүдийг засварлан, шинэчлэх ажлыг энэ сарын эхээр эхлүүлсэн ажээ. Гэр бүлийн гишүүдийг хамгийн сүүлд буюу 2007 онд дүрс бичлэгээр уулзуулснаас хойш БНСУ-д байрладаг эдгээр төв ашиглагдаагүй байна. Шинэчлэлт, засварын ажлыг энэ сарын сүүлчээр дуусгахаар төлөвлөжээ.

Түүнчлэн БНАСАУ-д байрладаг төвүүдийг сэргээн засварлах асуудлыг тус улсын төлөөлөгчидтэй хэлэлцэх бодолтой байгаагаа Үндэстнээ нэгтгэх яам өмнө нь мэдэгдсэн байна. БНАСАУ-д авсан хориг арга хэмжээг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл цуцалсны дараа тус улс руу гэр бүлийн гишүүдийг дүрс бичлэгээр дамжуулан уулзуулахад зориулсан техник, хэрэгслийг илгээх боломжтой болно.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн оны есдүгээр сард уулзах үеэрээ тусгаарлагдсан гэр бүлүүдийг дүрс бичлэгээр уулзуулж, дүрстэй зурвас илгээх боломжоор хангахад хүчин чармайлт гаргахаар тохиролцсон билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.