2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
БНАСАУ уран баяжуулсаар байгаа тухай мэдээлжээ

БНАСАУ Йонбён цогцолборынхоо уран баяжуулах төхөөрөмжүүдийг ашигласаар байгаа тухай “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны /ҮТА/ мэдээллээс иш татан уламжилжээ.

“Уран баяжуулах төхөөрөмжүүд БНАСАУ болон АНУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болохоос бүр өмнө хэвийн ажилласаар байсан” гэж ҮТА-ны дарга Со Хун мэдэгдсэнийг тус агентлаг уламжилсан байна.

Тус улс Йонбён цогцолборынхоо таван мегаваттын цөмийн реакторыг 2018 оны эцсээс хойш ашиглахгүй байгаа гэж Өмнөд Солонгосын тагнуулчид урьд нь мэдээлжээ. Уг реакторт жилд 5-7 кг зэвсгийн плутони гарган авдаг байна. Нэг цөмийн бөмбөг бүтээхэд 6 кг плутони шаардагддаг аж.

Үүний сацуу ҮТА-ны дарга Пёньян хотын захын Саным дүүргийн судалгааны төвийн талбайд хөдөлгөөн идэвхжиж эхэлсэн тухай мэдээлжээ. Чухам энд Умард Солонгос тив алгасагч "Хвасон-15" зэрэг хэд хэдэн төрлийн баллистик пуужингуудыг бүтээдэг гэж үздэг.

 

Хоёрдугаар сарын 27, 28-нд болсон Ханойн дээд хэмжээний уулзалтын үеэр Йонбён цогцолборыг татан буулгасны хариуд улсад нь авсан хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцлахыг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Дональд Трампт санал болгожээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч энэ саналыг хүлээж аваагүй бөгөөд өөр хэд хэдэн объектоо устгахыг шаардсан байна. Хоёр орны удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт гэрээ эсвэл тунхагт гарын үсэг зуралгүй дуусаж, талууд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.