2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно, намын даргыг 45 хоногийн дараа сонгоно

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар МАН-ын жинхэнэ зовлон эхэллээ. Улстөрд тогтворгүй байдал, төрийн ажилд болон бизнес, эдийн засгийн харилцаанд бодитой хүлээлт эхлэв. “Инвест Монголиа”, “Дисковери Монгол” зэрэгт ирсэн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын орчны хамгийн муу мэдээтэй буцаж байна.

Одоо МАН доторхи улс төрийн зодоон шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг байгуулах хүртэл горьдлогоор хөвөрч, эдгээр томилгооны дараа гомдлоор үргэлжилнэ. Хуулийн талаасаа ч МАН цаг хугацааны хайчинд оров.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцроход хүргэсэн шалтгааны гол нь улс төрийн эрх мэдэл дутсан явдал байлаа. Дараагийн Ерөнхий сайд энэ алдааг давтахгүй тулд намын даргын албаа давхар авах шаардлагатай. Хэрвээ тэгж эс чадвал дахиад нэг жилийн дараа огцрохгүй гэх баталгаагүй. Иймд дараагийн Ерөнхий сайд хэн байхаас илүүтэй түүнийг хэзээ, хэрхэн тодруулах вэ гэдэг хамгийн чухал боллоо.

Хуулиар бол шинэ Ерөнхий сайдыг УИХ 30 хоногийн дотор томилох учиртай. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэжээ. Сайн анзаарвал энд ганц Ерөнхий сайдыг бус, сайд нарыг ч энэ хугацаанд багтааж томилох нь. Ерөнхий сайд нь танхимын сайд нараа намын удирдах зөвлөлдөө санал болгоно, Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, УИХ-аар томилуулах зэрэг процедурыг тооцож өөрөө хуулийн энэ хугацаанаас ядаж долоо хоногийн өмнө томилогдсон байх учиртай. Хуулийн ийм хайрцагтай хоногийн тоолуур өнөөдрөөс гүйж эхлэв.

Гэтэл хяслантай нь, МАН-ын дүрмээр намын даргыг Их хурлаасаа сонгодог. Их хурлыг Бага хурлаас зарлана. Ингэхдээ намын их хурлыг 45-аас доошгүй хоногийн өмнө зарлах намын дүрмийг Дээд шүүхэд бүртгүүлжээ, МАН. Өөрөөр хэлбэл, шинэ Ерөнхий сайдыг ирэх аравдугаар сарын 8-наас өмнө томилно, МАН-ын Их хурал арваннэгдүгээр сарын эхээр болж, тэндээс даргаа сонгоно. Энэ тохиолдолд хоёр эрсдэл гарна. Нэгд, одоогийн Засгийн газар МАН-ын их хурлыг хүртэл үүрэг гүйцэтгэх боломжгүй, хуулийн хязгаартай. Хоёрт, дараагийн Ерөнхий сайд намын даргынхаа тамгыг яг авах ёстой газраас нь авах цаг хугацаа таарахгүй нь. Авах ёстой газар гэдэг нь намын Их хурал. Гэхдээ зохицуулж болохгүй юм гэж үгүй. Ялангуяа мөнхийн эрх ашиг, мөнхийн найзгүй улстөрд бол бүгдийг зохицуулж, тохирдог. Ойлголцож чадвал намын Их хурлаас намын даргаар сонгогдох магадлал өндөртэй нэгнээ Ерөнхий сайдаар томилуулж болно. Гэтэл түүний танхимд сайд болж чадаагүй, төлөөллөө оруулж бараагүй хэсэг нь гомдогсодын арми байгуулж Их хурал дээрээ эсрэг ажиллаад шинэ Ерөнхий сайдаа намын даргын сонгуульд унагачихвал яах вэ. Улмаар түүнийг ялсан нь Ерөнхий сайдаа, засгаа авна гэвэл дахиад Засгийн газрыг огцруулах уу. Хоёрхон сарын настай Ерөнхий сайд томилж, Засгийн газар байгуулсан болж таарах уу. Арай ийм юм болохгүй л байх, гэхдээ энэ бол бодитой байгаа эрсдэл. Ерөнхийдөө намын Бага хурал нь шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахдаа түүнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр давхар сонгож таарах болов уу. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн Засгийн газрыг байгуулах бөгөөд ийм хувилбар МАН-д өмнө байсан юм. 2010 онд С.Баяр Сү.Батболдод эхлээд УИХ дээр Ерөнхий сайдаа, дараа нь намын Бага хурал дээрээ намын даргын албаа өгч байлаа. Сү.Батболд дараа нь намын их хурал дээрээ жинхэлсэн. Гэхдээ л үүрэг гүйцэтгэгч намын даргыг ногоон гэрлээр жинхлэх баталгаагүй, мөн л сая унасан болон одоо шинэээр байгуулах Засгийн газрыг тойрсон гомдлуудын нийлбэр өөр улс төр хийхийг үгүйсгэхгүй. Үүнийг хаах, ахиж бужигнахгүйн тулд одоо сайн ярилцах, зөв хүнээ тодруулж, зөв баг бүрдүүлэх нь хамгийн чухал. Хэрвээ хамгийн муугаар бодоход, одоо Ерөнхий сайдаар томилогдох нөхөр их хурал дээрээ намын дарга болж чадахгүй бол МАН доторхи зодоон хоёр сарын дараа ч дуусахгүй. 2020 он бол бүр байхгүй. МАН-ын дайсан бол МАН өөрөө. Үүнийгээ тооцдоггүй ба тус намд АН-ын есөн суудлаас хүчтэй сөрөг хүчин бол хэвлэл юм.

Энэ бүхнээс харвал Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш байгуулагдах Засгийн газар нь МАН-ын их хурал хүртэл их л зовлон, шахалт дарамт үзнэ дээ. 65-ынхаа өмнө бөхөлзөөд л байхгүй бол намын даргын сонгууль дээрээ эсрэг ажиллаад унагах боломжтой нь сая харагдлаа шүү дээ.

Дүгнэлт бол өнөөдрөөс эхэлж буй МАН-ын зовлон төрийн зовлон болж намын Их хурал хүртэл ил далд, их бага хэмжээгээр бараг хоёр сар үргэлжлэх нь тодорхой байна. 

Уг нь хамгийн зөв бөгөөд нэр цэвэр, бас тогтворгүй байдал үүсгэхгүй хувилбар нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг намын Их хурал хүртэл хуучнаар нь явуулаад л, тэндээс сонгогдсон шинэ дарга нь засгаа авч болох л байлаа. Гэтэл хоёрхон сар тэвчиж чадаагүйн цаад учир удахгүй ирэх долоо хоногоос өдөр өдрөөр тодрох биз ээ. Сая Засгийн газрыг огцруулах дээр хуваагдсан МАН-ын хоёр бүлэг цаашид багцаараа явах үгүйг, хэн нь хаашаа орохыг одоогоор хэн ч таашгүй. Аливааг эвлүүлэх нь эвдэх, сэлэм эргүүлэхээсээ хэцүү. Засгийн газрыг, ялангуяа хоёр сарын дараа намын даргаа авах болзол дор байгуулах нь өчигдрийн Засгийн газрыг огцруулах улс төрөөс хэцүү, илүү адармаатай л байх болов уу. Хамгийн гол нь, хэн Ерөнхий сайд вэ. Тэр намын дарга бөгөөд түүний бүлэглэл ирэх жилүүдэд МАН-ыг засаглана. Арав гаруй жилийн дараа “Хотын бүлэг”-ээс МАН хэний багт шилжих вэ, энэ л хамгийн сонин

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.