2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Эзэнгүй орхигдсон хуулиа анхаарахыг ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамдад сануулав уу

УИХ-ын 2018 оны ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Ингэхдээ Мал амьтны эрүүл мэндийн тухай хуультай холбоотой хэлсэн үг анхаарал татлаа.

Энэ хуулийн төслийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баталсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэдэн дарга нарын томилгоо хийснээс өөр нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийгээгүй  байна. Энэ тухай УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байна. УИХ, Засгийн газрын шийдвэрээр Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан. Хуулиар сум, дүүрэгт мал эмнэлгийн байгууллага, лаборатори, нэгж байгуулж, ажиллуулах ёстой. Гэтэл 15 аймагт л мал эмнэлгийн байгууллагын даргыг томилжээ. Аймаг, сумын хэмжээнд нэг ч нэгж шинэчлэн зохион байгуулагдаагүй байна” гэлээ.

Товчхондоо бол агентлаг байгуулж, дарга томилсон мөртлөө ард иргэддээ хүрч үйлчлэх хуулийн заалтыг огт биелүүлсэнгүй. Үүнтэй зэрэгцээд өнөөх малаа эрүүлжүүлэх, мах экспортлох, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн уламжлалт салбараа дэмжих бодлого салхинд хийсэхэд ойрхон байна.

Хуулийг хэрэгжүүлэхэд гар бие оролцох учиртай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд хариуцсан ажилдаа эзэн болж цаасан дээр бичигдсэн хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх цаг аль хэдийнэ болжээ. УИХ-ын дарга М.Энхболд ийнхүү даргын томилгооноос өөр ямар ч дорвитой ажил хийгдээгүй хуулийг хэрэгжүүлэхийг холбогдох яамдад сануулав бололтой.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.