2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Хятадууд дрон ашиглан наймаа хийж байна

Хятадад ойрын үед нэгэн сонирхолтой гэмт хэрэг газар аваад байгаа гэнэ. Сонирхолтой гэдэг нь хүмүүс бүлэглэн дрон ашиглаж, хулгайн гэмт хэрэг хийх нь эрс нэмэгджээ. Ийм төрлийн гэмт хэргийн хохирлын хэмжээ нь одоогоор нийт 79,8 сая ам.доллар буюу 500,000,000 юанд хүрээд байгааг хилийн шалган нэвтрүүлэх боомтынхон бүртгээд байгаа юм байна. Албаныхан уг гэмт бүлэглэлд хамаарах нийт 26 сэжигтэнг баривчлаад байгаа аж. Уг гэмт бүлэглэл эх газраас Хонгконгын хооронд 200 метр газар дроноор утас татан агаарын зам гарган түүгээрээ шинэ загварын IPHONE утас татвараас бултуулан зөөвөрлөн худалдаалж байжээ.

Цагдаагийнхны мэдэгдсэнээр энэ нь дрон ашиглан хил давуулан худалдаа хийх хууль бус наймааны анхны тохиолдол бөгөөд цаашдаа энэ тал дээр хатуу хяналт тавин ажиллах болно гэжээ.

Гэмт бүлэглэл уг хэргээ голдуу шөнийн цагаар үйлддэг байсан бөгөөд нэг удаадаа 10 ширхэг утас тээвэрлэсэн дроныг хэдхэн секунтын хугацаанд тээвэрлэдэг байжээ. Тэд нэг шөнийн дотор багадаа 15 мянган гар утас зөөдөг байсан гэнэ.

Сонирхуулахад Хятад улс нь дэлхийд дрон үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг бөгөөд албаныхан тус төхөөрөмжийг ашиглахтай холбоотой хууль дүрэмд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жил тус улсад иргэн хүн дрон ашиглахдаа өөрийн нэр дээр, тодорхой жин бүхий төхөөрөмжийг нарийн зааварласны дагуу ашиглахыг заасан дүрэм баталсан байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.