2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хэлэлцээний арга барилаа өөрчлөхийг АНУ-д уриалжээ

Цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээнд ашиглаж буй тооцооллын арга барилаа өөрчилж, зогсонги байдалд ороод буй хэлэлцээг үргэлжлүүлэх шинэ санал тавихыг БНАСАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-д уриалжээ. Мөн тэвчээр хязгаартай байдгийг сануулсан байна.

“Өнгөрсөн оны зургадугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхийн тулд ямар стратеги зөв болохыг АНУ тунгаан бодох хэрэгтэй” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагийн орой мэдэгджээ.

“БНАСАУ-АНУ-ын удирдагчдын зургадугаар сарын 12-ны хамтарсан мэдэгдэл хүчин төгөлдөр байх эсвэл хоосон цаас болох эсэх нь АНУ-ын байр сууриас шалтгаална. АНУ өнгөрсөн нэг жилийн хугацаанд болсон үйл явдлуудыг эргэн харж, хэтэрхий оройтохоос өмнө зөв стратегиэ сонгох хэрэгтэй. Мөн тооцооллын одоогийн арга барилаа өөрчилж, бидний хүсэлтэд нэн даруй хариулт өгөхийг шаардаж байна. Бидний тэвчээрт хязгаар бий” гэж БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлагийн нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

Вьетнамын нийслэл Ханой хотноо өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш цөмийн зэвсгээс ангижрах талаарх хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд орсон билээ. Тухайн үед Пёньяны цөмийн зэвсгээс ангижрах явц болон Вашингтоны хориг арга хэмжээний талаарх бодлогын хооронд санал зөрөлдөөн үүссэн юм.

Сүүлийн үед БНАСАУ зогсонги байдалд орсон цөмийн хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд тооцооллын арга барилаа өөрчлөхийг АНУ-д уриалах явцыг эрчимжүүлсэн бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Ким Жөн Ун мэдэгдэхдээ, Вашингтоны “зоримог шийдвэр”-ийг энэ оны эцэс хүртэл хүлээнэ гэжээ.

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт холбогдуулан тус улсын тээврийн усан онгоцыг саатуулсан талаар АНУ-ын засаг захиргаанаас өнгөрсөн сард мэдэгдсэний дараа хурцадмал байдал улам даамжирчээ. БНАСАУ усан онгоцыг нь саатуулсныг улсын бүрэн эрхт байдалд халдсан явдал хэмээн үзэж буйгаа илэрхийлээд нэн даруй буцааж өгөхийг шаардсан юм.

БНАСАУ зургадугаар сарын 12-ны дээд хэмжээний уулзалтаар байгуулсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхийг эрмэлзсээр байгаа гэдгийг тус улсын ГХЯ-ны төлөөлөгч онцлоод, хэрэв Вашингтон дайсагнасан бодлогоо зогсоож, үүргээ биелүүлэхгүй бол энэхүү баримт бичиг хэрэгжихгүй хэмээн тэмдэглэсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.