2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Малайзын шинэ хаан тангараг өргөжээ

 Пүрэв гарагт Малайзын шинэ хаан Султан Абдулла Султан Ахмад Шах тангараг өргөснөөр тус улс тусгаар тогтносноос хойшхи 16 дахь хааны бүрэн эрхийн хугацаа эхэллээ.

Тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр Абдулла хэлэхдээ, "Би Малайзыг Үндсэн хуулийн хүрээнд шударга ёсоор удирдан жолоодох болно" гэжээ. Энэхүү арга хэмжээг улс орон даяар шууд дамжуулсан байна.

Их Британид дээд боловсрол эзэмшсэн, 59 настай Абдулла нь спортод ихээхэн сонирхолтой нэгэн бөгөөд Олон улсын хөл бөмбөгийн холбооны /FIFA/ гишүүн, Азийн Хоккейн холбооны ерөнхийлөгч ажээ.

Үндсэн хуульт хаант засаглалтай Малайзын хааныг таван жил тутамд мужуудын удирдагчид болох угсаа залгамжлагч есөн султанаас сонгодог юм. Малайзын хаан нь Ерөнхий сайдын тангараг өргөх ёслол, эзэн хааны өршөөл үзүүлэх зэрэг ёслолын чанартай үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцдог байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр V Мухаммад хаан ширээнд заларснаас хоёрхон жилийн дараа суудлаасаа татгалзсан нь Малайзын түүхэнд анхны тохиолдол болсон билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.