2024 оны 04 сарын 23
Шинэ мэдээ
БНХАУ-ын тусламжтайгаар Кени улс нэгэн зууны дараа шинэ төмөр замтай боллоо
Кени улсын нийслэл Найроби хот болон Момбаса боомт хотыг холбох шинэ төмөр замыг хугацаанаас нь 18 сарын өмнө ашиглалтад орууллаа.

Зүүн Африкийн Кени улсын Ерөнхийлөгч Ухуру Кенятта өчигдөр болсон төмөр замын нээлтийн ёслолын үеэр үг хэлэхдээ “Хятад улсын 3.2 тэрбум доллар санхүүжилтээр тавьсан энэ төмөр зам манай улсын түүхийн нэгэн шинэ хуудсыг эргүүллээ. Энэ төмөр зам манай улсын ирэх 100 жилийн хөгжлийг тодорхойлно” гэжээ.

Дөрвөн этгээд шинэ төмөр замын хашлагыг эвдэж гэмтээсэн хэрэг гарсантай холбогдуулан тэрбээр “хорлон сүйтгэгчдийг дүүжлэх хуулийг батлах болно” гэж анхааруулсан байна.

470 км урт төмөр зам нь Кенийн хувьд 1963 онд Их Британиас тусгаар тогтносноос хойших дэд бүтцийн хамгийн том төсөл юм.

БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн дэд бүтцийн томоохон төслүүдийн нэг нь энэ төмөр зам билээ.

Энэ төмөр замаар алсдаа далайд гарцгүй Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Руанда, Бурунди болон Этиопийг Энэтхэгийн далайтай холбохыг зорьж байгаа ажээ.



Өнгөрсөн долоо хоногт ноён У.Кенятта мэдэгдэл хийхдээ “төвийн нутгийн Наиваша хотыг Кисуму боомт хоттой холбохын тулд энэ төмөр замыг баруун тийшээ 250 км-ээр өргөтгөхөд шаардлагатай 3.6 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг Хятад улс өгсөн” гэжээ.

Түүний хэлснээр, Их Британийн колони байх үед буюу одоогоос 122 жилийн өмнө Кени улс анх төмөр замтай болж байжээ.

Хятад улсаас олгосон хөнгөлөлттэй зээлийн 80 хувийг Кени улс буцаан төлөх аж.
 
Энэ төмөр зам Кенийн эдийн засагт мэдэгдэхүйц үр өгөөжөө өгөх үеэс буюу10 жилийн дараагаас зээлийг эргэн төлж эхэлнэ.  Зээлийг эргэн төлөх хугацаа нь 30-40 жил.

Хятадын тал шинэ төмөр замыг хэсэг хугацаанд хариуцан ажиллаж байгаад Кенийн талд шилжүүлэн өгөх аж.

Кени улс “Бүс ба Зам” санаачилгад албан ёсоор нэгдсэн учир эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах саналыг тавдугаар сарын 15-нд “Бүс ба Зам” олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны форумын үеэр ноён У.Кенятта Хятад улсын дарга Си Зиньпинд тавьжээ.
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.