2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-ны өдөр болох ба МАН, АН, Зөв хүн электорат эвсэл, Иргэний зориг ногоон нам, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж, хуульд заасан хугацаанд багтаан хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.

Нэр дэвшигчдээ наймдугаар сардаа багтаан тодорхой болгох хуулийн зохицуулалттай ч МАН-ын хувьд УИХ-ын сонгуулиас илүүтэй намын дотоод тэмцэл ширүүн болж байна.

Тухайлбал, УИХ-ын 18 тойрог буюу Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Идэрбат, МИАТ-ийн дэд захирал асан Н.Энхбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, Хуульч Л.Батжав зэрэг эрхмүүд сүр дуулиан болон өрсөлдөж байсан хэдий ч Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн шинэ, хуучин намын дарга­тайгаа тохироогоо хийж, нэр дэвшихээр болсон уу?

Г.Дөлгөөний хувьд УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү бөгөөд МУИС-ыг Олон улсын эдийн засаг, Люксембургийн их сургуулийг Банк, санхүүгийн магистрыг тус тус төгсөж, Монголбанкны Төлбөр тооцооны газрын нягтлан бодогчоос ажлын гараагаа эхэлж Хянан шалгагч, Английн Шродерс хөрөнгө оруулалтын сан, Монголбанкны ахлах хянан шалгагч, Хөгжлийн банкны дэд захирал, Төрийн банкны гүйцэтгэх захирал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч гэх мэт албан тушаалд дэвшин ажиллаж буй үеийнхнээсээ бол аль хэдийн цойлоод гарсан олон жил бэлтгэгдсэн МАН-ын залуу лидерүүдийн нэг гэж хэлэхэд болно.

Мөн Г.Дөлгөөний талаар “Таван ББСБ-тай Төв банкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн”, “Г.Дөлгөөн Монголбанкийг Сангийн яамны “суганд” аваачаад хавчуулчихсан уу”, “Г.Дөлгөөн Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажил хийж 32 мянган долларын зээлээ төлж байна”, “Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн 1.7 тэрбумын орон сууц, барилга байгууламжтай” гэх мэт мэдээлэл олон нийтэд хүрч байсан.

Гэсэн хэдий ч аав нь тусалсан уу? нутгийн ах нар нь түшсэн үү? бүү мэд ямартай ч МАН-аас ирээдүйтэй залуу боловсон хүчин Г.Дөлгөөнийг Хэнтий аймагт сойхоор болсон гэсэн яриа Засгийн газрын ордон, МАН-ын байр, Банк, Санхүүгийн салбараар шивэр авир ярих болжээ.

Түүнчлэн, Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлаа өгч, Хан Хэнтий нутгийнхаа зүг хөлгийн жолоо залахыг хүлээж суугаа мэргэжил нэгт нөхдүүд ч бас цөөнгүй бололтой.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.