2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“Westerdam” хөлөг онгоцны зорчигчдыг эрэг рүү буулгаж эхэлжээ

Хоёрдугаар сарын 13-нд Камбожийн Сиануквиль боомтод ирсэн “Westerdam” аяллын хөлөг онгоцны зорчигчдыг баасан гаргийн өглөө эрэг рүү буулгаж эхэлжээ. Энэ тухай Камбожийн мэдээллийн “Fresh News” цахим хуудас мэдээлсэн байна.

Багийн 802 гишүүнээс гадна 1455 зорчигч бүхий “Westerdam” аяллын хөлөг онгоц хоёрдугаар сарын 1-нд Хонконгоос гарчээ. Уг хөлөг онгоц Японы хэд хэдэн боомтоор дайрахаар төлөвлөж байсан боловч коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол хөлөг онгоцон дээр байж магадгүй гэж болгоомжилсон Японы тал боомтууддаа оруулаагүй байна. Үүний дараа Филиппин, Тайвань, Тайланд улсууд боомтдоо нэвтрэхийг хоригложээ.

Азийн улсуудын боомтод зогсож чадалгүй долоо хоног гаруй болсны эцэст нь Камбожийн эрх баригчид боомтдоо нэвтрэхийг зөвшөөрсөн байна.

“Westerdam” хөлөг онгоцоор аялагчдын дийлэнх нь АНУ /651/, Канадын /271/ иргэд бөгөөд мөн Герман, Их Британи, Нидерланд, ОХУ болон бусад орны иргэд байгаа ажээ. Уг хөлөг онгоцны зорчигчдын дунд БНХАУ-ын паспорттай ганцхан хүн байгаа бол Хонконгийн 29 оршин суугч аялж байжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.