2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Европын Холбоонд заналхийлж буй гол аюулыг нэрлэв
Либерал үнэт зүйл үеэ өнгөрөөсөн гэж үзэж байгаа европын бодлого нь Европын Холбооны /ЕХ/ хувьд гол аюул занал болж байна гэж Европын Комиссын дэд ерөнхийлөгч Юрки Катайнен пүрэв гарагт мэдэгджээ. 
 
“Хуулийг дээдлэх зарчим хийгээд либерал ардчилал аюулд ороод байна. Энэ нь өдгөө Европын хувьд хамгийн том аюул юм. Үнэт зүйлийн үндсэн зарчим болон либерал ардчилал ЗСБНХУ задран унасны дараа хэзээ ч ийм сорилттой тулгарч байгаагүй” гэж тэрбээр Брюссельд пүрэв гарагт болсон арга хэмжээний үеэр хэлсэн байна. Энэ асуудал “Европын парламентын сонгуулийн кампанит ажлын гол сэдэв байх болно” гэж Катайнен үзэж байгаа аж. Европын парламентын сонгууль 2019 оны тавдугаар сард болно.
 
“Хэдийгээр гадаад аюул занал бас байгаа боловч энэ бол хамгийн том дотоод аюул юм. Манай зарим улстөрч, ялангуяа либерал ардчиллыг үнэхээр үеэ өнгөрөөсөн гэж үзэж буй ерөнхий сайд нар, улс төрийн намууд европчуудыг нэгтгэж байсан гол үнэт зүйлд аюул учруулж байна” гэж тэрбээр хэлжээ. “Мөн бид энд энгийн популизмын тухай ярьж байна гэж бодох нь буруу. Энэ бол энгийн нэг популизм биш. Учир нь либерал ардчилал дууссан гэж үздэг хүмүүс бий” гэж мэдэгдэхдээ Европын комиссар Унгарыг жишээ болгон дурджээ.
 
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаныг ЕХ-ны цагаачлалын бодлогыг дэмжихээс татгалздагийг нь шүүмжлэн “Оросын талыг баримтлагч популист” гэж нэрлэдэг байна.
 
Европын дүрэм журам, хууль дээдлэх зарчмуудыг зөрчсөнийх нь төлөө Унгар улсад сахилгын арга хэмжээ авахыг уриалсан тогтоолыг Европын парламент намар баталжээ. Энд Унгар улсын ЕХ-ны Зөвлөлд санал өгөх эрхийг нь хасахад хүргэж болзошгүй үйл явцыг Европын комисс эхлүүлэх тухай яригдаж байгаа аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.