2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтаас эерэг үр дүн гарна гэж найдаж байна

Пхеньян хотод ирэх сард хийхээр товлосон Умард болон Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалтаас эерэг үр дүн гарна хэмээн найдаж байна гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч лхагва гарагт мэдэгдэв.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын удирдагч Ким Жөн Ун болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд хэмжээний гурав дахь уулзалтыг ирэх есдүгээр сард Пхеньян хотод хийхээр даваа гарагт товлосон билээ.

“Бид энэ тохиролцоог сайшаан хүлээн авч байна. Ийм үр дүнд хүрэх чиглэлд хоёр талаас тавьсан хүчин чармайлтыг бид дэмжиж байна. Дээд хэмжээний уулзалт таатай уур амьсгалд болж, эерэг үр дүн авчирна хэмээн найдаж байна” гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Лу Кан мэдэгдсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд болсон дээд хэмжээний анхны уулзалтын дараа Ким Жөн Ун болон Мүн Жэ Ин нар Панмунжомын тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Уг тунхаглалын дагуу, хоёр улсын удирдагчид хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр талын төлөөлөгчдийн яриа хэлэлцээг тогтмолжуулахаар тохиролцсон юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.