2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
"Apple" компани "iPhone 15 Pro" болон "iPhone 15 Pro Max" загварын шинэ ухаалаг утсаа танилцууллаа

“Apple” компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа өчигдөр хийлээ. 

Энэ үеэр “iPhone 15” загварын гар утас, "Apple Watch" ухаалаг бугуйн цагны шинэ загварууд, "USB-C" цэнэглэгчтэй "AirPods Pro" чихэвч, A17 чип, "iOS 17", "watchOS 10", "macOS Sonoma" үйлдлийн системийн шинэ хувилбаруудаа танилцуулсан байна.

Ухаалаг гар утасны шинэ загварын хувьд “iPhone 15”, “iPhone 15 Plus”, “iPhone 15 Pro”, “iPhone 15 Pro Max” гэсэн дөрвөн хувилбартай бөгөөд өмнө нь таамаглаж байсанчлан “USB-C” цэнэглэгч порттой болсон байна.

“iPhone 15”, “iPhone 15 Plus” хувилбарууд нь "A16 Bionic" чиптэй, 48MP-ийн үндсэн камертай болжээ. Мөн “iPhone 14 Pro” болон “Pro Max” загваруудтай адил “Dynamic Island”-тай болсон байна.

Эхлэх үнэ нь $799, $899 байх бөгөөд ягаан, шар, ногоон, цэнхэр, хар гэсэн таван шинэ өнгөөр худалдаанд гарна.

“iPhone 15 Pro”, “iPhone 15 Pro Max”-т сансрын хөлөг бүтээхэд ашигладаг титан ашигласнаар “Apple”-ийн хамгийн хөнгөн хэрнээ бат бөх “Pro” загвар болжээ

Гар утасны зүүн хажууд байрладаг “Mute Switch”-ийг “Action Button” гэх шинэ товчоор сольсон байх ба энэ товчийг хэрэглэгч өөрийн хүссэнээр тохируулах боломжтой гэнэ.

Камерын хүчирхэг шинэчлэлтүүд нь гайхалтай зургийн чанар бүхий долоон мэргэжлийн линзтэй дүйцэхүйц боломжийг олгож байгаа бөгөөд үүнд супер өндөр нягтралтай илүү дэвшилтэт 48 мегапикселийн үндсэн камер, дараагийн үеийн хөрөг зураг авах горим, шөнийн горим болон “Smart HDR”-ын сайжруулалт, цоо шинэ 5х телефото камер зэрэг өөрчлөлтүүд зөвхөн “iPhone 15 Pro Max” дээр хийгджээ. Мөн “A17 Pro” чип нь мэргэжлийн гүйцэтгэлийг хэрэглэгчдээ мэдрүүлэх гэнэ.

“iPhone 15 Pro” болон “iPhone 15 Pro Max”-ын эхлэх үнэ $999, $1,199 бөгөөд хар титан, цагаан титан, цэнхэр титан, байгалийн титан зэрэг дөрвөн шинэ өнгөтэй. Урьдчилсан захиалга есдүгээр сарын 15-ны баасан гарагт эхэлж, есдүгээр сарын 22-ны баасан гарагт худалдаанд гарна.

“Apple Watch Series 9” нь хэт өргөн зурвасын чип, сайжруулсан S9 процессортой болж, дуудлагад хариулах, сэрүүлгийг хойшлуулах зэрэг үйлдлүүдийг хийхийн тулд долоовор болон эрхий хуруугаа хоёр удаа товших "Double tap" функцтэй болсон байна.

Зэвэрдэггүй ган болон ягаан өнгийн шинэ сонголтыг нэмжээ. Мөн “Apple” нь нүүрстөрөгчийн ул мөрөө багасгахын тулд арьсан гэр болон оосроос татгалзсан байна . GPS-тэй “Watch Series 9” $399, GPS болон үүрэн телефоны хувилбар нь $499-оос эхлэх бөгөөд есдүгээр сарын 22-оос эхлэн худалдаанд гарна.

Хоёр дахь үеийн “Apple Watch Ultra” нь “Watch Series 9”-тэй адил хэт өргөн зурвасын чип болон давхар товшилт хийх боломжтой S9 процессортой байх болно. Уг загварын дэлгэцийн чанар нь 3000-nit болон сайжирч, хэмнэлттэй горимд нэг цэнэглэлтээр 72 цаг ажиллах боломжтой болжээ.

GPS болон үүрэн холбооны сонголттой “Ultra 2” нь $799-ын үнэтэй. Өнөөдөр урьдчилан захиалах боломжтой бөгөөд есдүгээр сарын 22-нд хүргэгдэнэ.

Эдгээр болон бусад бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй apple.com сайтаар орж танилцах боломжтой.

Эх сурвалж: Verge

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.