2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” улсын төсөвт 480 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 18 сая тонн нүүрс олборлож борлуулсны 13.5 сая тонн нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ногдож байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн мэдэгдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК түүхэндээ 45 сая гаруй тонн нүүр олборлосноос 2018 онд 10.7 сая тонныг олборлон, 12.8 сая тонныг экпортолсон дүнтэйгээр шинэ онтойгоо золгоод байна. Мөнгөн дүнгээр тус компани 1.86 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж улсын төсөвт 480 тэрбум төгрөг төвлөрүүлж, цэвэр ашиг 670 тэрбум төгрөгт хүрчээ.

Компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хэлж буйгаар, Монгол Улсын төрөөс Тавантолгой ордыг цогцоор нь хөгжүүлэхээр шийдвэрлэж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж, дагалдах томоохон төслүүд болох төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлж, үргэлжлүүлэхээр ажиллаж байна.

Компанийн зүгээс 2019 онд олон улсын зах зээлээс хөрөнгө босгож, төмөр зам, авто зам барьж, нүүрс угаах үйлдвэр, конвейрийн систем, усан хангамжийн төслөө үргэлжлүүлж, Эрдэнэсээр овоглосон шинэ хотыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлнэ гэж байна.

Түүнчлэн олборлолт хүчин чадлаа 18 сая тоннд хүргэж, уурхайн ажилчдын хотхон, оффиссын барилга, зам талбай, сургууль, цэцэрлэг шинээр барьж, өөрсдийн техник, тоног төхөөрөмжтэй болж, “Говийн ногоон хэрэм төсөл”-ийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын утааг бууруулахад эрс өөрчлөлт авчрах шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөн байгуулж, нүүрс тээврийн жолооч нарт зориулсан төвүүдийг бий болгон, бизнесийн бүхий л салбарыг дэмжсэн олон ажлыг ирэх онд төлөвлөн зохион байгуулахаа мэдэгдэж байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.