2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Намаасаа хөөгдсөн О.Баасанхүү АН-д элсэнэ

УИХ дахь МАХН-ын ганц төлөөлөл О.Баасанхүү гишүүн өнөөдөр нам ч үгүй болчихоод яваа. Учир нь, тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд Төрийн ордонд намынхаа Их хурлыг зохион байгуулж, Н.Энхбаяраас намынх нь даргын суудлыг хүч түрэмгийлэн авсан. Харин маргааш нь Н.Энхбаяр тэргүүтэй намын гишүүд Их хурлаа хийж, О.Баасанхүүгийн зохион байгуулсан хурал хүчингүй, хууль бус хэмээн мэдэгдэж байв. Ингээд О.Баасанхүүг Улсын Дээд шүүхээс намын даргад бүртгэхээс татгалзсан хариуг өгснөөр тэрбээр намдаа нэр хүндгүй болж, ганцаардаад буй. Өөрөөр хэлбэл, хууль бус хуралдаан зохион байгуулж, намаа талцуулсан учраас МАХН- ынхан түүнийг албан бусаар намаасаа хөөчихсөн билээ. Харин тэрбээр гандан буурахгүй намаа сэлгэхээр шийдсэн бололтой. О.Баасанхүү намаасаа хөөгдсөн учир АН-ыг сонгож байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгсөн. Ямартай ч тэрбээр АН-ын дарга С.Эрдэнэ болон тус намын удирдах тушаалтнуудад энэ тухайгаа дуулгаж, тохиролцсон гэх мэдээлэл байна. УИХ-д есөн суудалтай АН бүлэгтээ нэг ч гэсэн гишүүнээр бүл нэмэхийг хүсч болох. О.Баасанхүү ч өнгөрсөн оны хаврын чуулганы үеэр “Олигтой ч сөрөг хүчингүй энэ үед АН-д орж сөрөг хүчний хүчийг нэмэгдүүлдэг юм билүү” гэж жиргэж байсан удаатай. Үүнээс харахад түүнд АН-д орох бодол аль эртнээс л байсан бололтой. Харин энэ нууцхан “хүсэл” нь намаасаа хөөгдсөнөөр биелэх болоод байна. АН ч О.Баасанхүүг намдаа авах эсэх асуудлыг удирдлагуудын төвшинд ярьж байгаа аж. Хэрвээ АН намдаа элсүүлбэл нэр хүндгүй болсон хүмүүсийн цугларалтын газар болох нь.

М.Энх

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.