Одоогоос 29 жилийн өмнө буюу өнгөрсөн зууны 1999 онд “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрт хийсэн шалгалтаар 50 сая ам долларын зөрчил илэрч уг үйлдвэрийн хамтран эзэмшигч Монгол Улс 50 сая доллараа ул мөргүй алдаж байлаа. Бас Монголын ихэс дээдэс, баячууд хоцрогдсон юм уу ашиглагдаагүй, шаардлага байхгүй олон төрлийн бараа материалыг зах зээлийн үнээс хэт хөөрөгдсөн өндөр үнээр шахаж үйлдвэрийн агуулахуудыг дүүргэсэн нь 20 байтугай 40 жил агуулахад дарагдсан байжээ. Сүүлдээ бүр хэрээс хэтэрч УИХ-аар ч хэлэлцүүлж батлуулалгүйгээр хувийн өмч болгож орхисоныг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар буцааж улсын өмчид бүртгэж авчээ. Гэвч энэ нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ард түмэнд тайлбарлалгүйгээр ОХУ-ын өмчөөс худалдан “Монголын зэс” корпорацид өгсөн байдаг. Энэ компанийг монголчууд төдийлөн мэдэхгүй,”Сахал” Эрдэнэбилэг гэгчийн хувийн компани гэж ярьдаг бөгөөд удирдлагуудыг нь ард түмэн огт танихгүй. ”Монголын зэс” корпорацийн ТУЗ-ын дарга нь М.Мөнхбаатар гэх мяраалаг залуу байхаас биш түүний талаар өөр ямар ч мэдээлэл байдаггүй гэхэд болно.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж бүтэн зуун хувиар тус компани эзэмших болсоны дараа Засгийн газраас ТУЗ-ын гишүүнээр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн,УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд, “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар,”Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн болгосон. Шохоорхмоор юм юув гэхээр “Монголын зэс” корпорацийг Худалдаа хөгжлийн банкны компани” гэх юм билээ. Бас нэг хачирхалтай нь аль 2009 онд буюу тэр үеийн гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Баярын дэмжлэгээр “Жаст” группын ерөнхий захирал Ш.Батхүү Монголын “Саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж 140 сая ам долларыг “Стандарт” банкны ӨАБНУ дахь салбараас нь зээлсэн байна. Тэгэхдээ ”Жаст”-ын босс Ш.Батхүү нь Монгол Улсын засгийн газраас дэмжлэг авсан байгаа нь бүр ч сонин. Урьд нь “Буян”-гийн Жаргалсайхан Монголын засгийн газрыг барьцаалж Японы “Мерубени” компаниас 100 сая ам доллар зээлсэнтэй адил. Гэтэл өнөө Ш.Батхүү нь зээлээ төлөлгүй 2013 онд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан нь гэнэт илэрч түмний нүдийг орой дээр нь гаргах шахаж бөөн шуугиан дэгдээсэн. “Стандарт” банк Монголын Улсын Засгийн газраас тэр мөнгөө нэхэмжилсэн нь, зээлээ төлж чадахгүй бол манай өмнөөс “Эрдэнэт” үйлдвэр төлнө гэсэн гэрээ байгуулсантай шууд хамааралтай. Дөчин мянгатад нэг байранд ах дүү шиг өсч, Москвад нэг сургуульд цугтаа суралцан багаасаа нөхөрлөсөн С.Баяр,Ш.Батхүү хоёрт улс төр,бизнесийн холбоо байсан байхаас аргагүй тул өрөвчхөн сайд С.Баяр түүнийг илт дэмжсэн бололтой. Ерөнхий сайд нь дэмжиж байхад Төрийн Өмчийн хорооны дарга Д.Сугар, ”Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг нар ч цаараглаж чадалгүй Ерөнхий сайддаа тал засаж баталгаа гарган гарын үсгээ зуржээ. Яамны Төрийн нарийн бичгийн дарга голдуу байсан Д.Сугар нь 2000-2007 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан ч улирч дэвшилгүй ТӨХ-ны даргаар сонгогдож, одоо ҮХЦ-ийн гишүүний алба хашиж яваа намдаа нэр нөлөөтэй нэгэн. Ч.Ганзориг бол УИХ-д сонгогдож чадаагүй ч МАН-ын “үнэ”-тэй гишүүний хувьд 2000-2007 онд Н.Энхбаярын Засгийн газарт Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаад, “Эрдэнэт” үйлдвэрийн боссоор сонгогдсон халхын баячуудын нэг. “Жаст”-ын Батхүүд баталгаа гаргаж гарын үсгээ зурсан гурав дахь эрхэм бол тэр үед “УБТЗ”-ын дарга байсан, УИХ-д 1992-2008 онуудад завсаргүй дөрвөн удаа сонгогдсон, 2004-2006 онд Ц.Элбэгдоржийн хоёр дахь Засгийн газарт Түлш, Эрчим хүчний сайдаар нэг жил гаруй зүтгэсэн Т.Очирхүү байлаа. Өрөнд баригдсан Батхүүг 2013 оны 9-р сард хорьсон ч хэсэг хугацааны дараа суллагдсан. Одоо тэрбээр “Стандарт” банкинд 51 сая ам долларын өртэй.
Гэвч лааз өшиглөж яваа түүнд май гээд сарвайх мөнгө алга. Уг нь Батхүү лааз өшиглөх биш шоронгийн “хадаас” болох ёстой хүн. Хоёрхон сар гаруй хоригдоод л хорих ангид эмчилгээ хийлгэх боломжгүй, нарийн мэргэжлийн эмч нараар эмчилгээ хийлгэх өвчтөн гэсэн ”оноштой”-гоор акт тогтоолгож, Улсын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь ШШГЕГ-ын хорих ангийн албан хаагчид түүнийг ээлжлэн харгалзаж байсан гэдэг ч үнэндээ чөлөөтэй дураараа байсан төдийгүй удалгүй батлан даалтанд гарч наран дор чөлөөтэй зугаалж 2015 онд Өршөөлийн хуульд хамрагдаж Улсыг онц их хэмжээний өрөнд унагасан хэрэг нь хуулиар хэрэгсэгдэхгүй болжээ. “Жаст”-ын Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг хуурамжаар үйлдсэн гэж өөрөө бүх хэргийг хүлээгээд л Өршөөлийн хуулинд орчихсон байдаг. Эхэндээ бол Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэр намайг батлан даасан, Засгийн газар хүлээн зөвшөөрсөн гээд хэрэгтэн болсон хүн. Гэтэл Ерөнхий сайдын дэмжсэн аваад Засгийн газраар тулгуулж “Эрдэнэт” үйлдвэрийг зээлээ төлөхгүйд хүрэх тохиолдолд манайх төлнө” гэсэн гэрээг хуурамчаар хийгээд Ч.Ганзориг,Д.Сугар,Т.Очирхүү гурвыг аварч гарсан байдаг юм. Цаадуул нь ч “Чи хуурамч гэрээ хийсэн гээд гүрийчих юм бол бид аврагдана. Хариуд нь чамайг Өршөөлийн хуульд багтаагаад ялаас чөлөөлчихнө” гэсэн байх магадлалтай гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Ерөөсөө улс төрийн дээд хүрээнд эрх мэдэлтнүүд хуйвалдааныг гарамгай зохион байгуулж, албан тушаал, мөнгө хөрөнгөөр бүү хэл амьд явах, ял завших арга замаар хуйвалдаж үгсдэг нь нэгэнт нууц биш болсон билээ. Гэтэл олон улсын шинжээчид тэдний гарын үсэг мөн гэж баталсан гэх.Тийм учраас “Стандарт” банк манай Засгийн газраас үлдсэн 51 сая ам долларыг нэхжээ. Ш.Батхүү нь төлөхгүйгээр барахгүй ялгүй үлдсэн болохоор амар жимэр амьдарч, олны нүднээс далдхан маадгар алхаж явна. Олон улсын Арбитрын шүүх Ш.Батхүүгээс бус Монгол Улсын Засгийн газраас дээрхи мөнгийг нэхэмжилж байгаа шударга бус гэж олон хүн үздэг. Уг нь шударга шүүх бол С.Баяр болон Т.Очирхүү, Д.Сугар,Ч.Ганзориг нараар л тэр 51 сая ам долларыг төлүүлэх ёстой. Эдгээр эрхмүүд энэ мөнгийг нийлээд төлөх чадвартай гэж олон нийт үзэж байна. Даанч Монголын төр төрөөс төрсөн тэрбумтнуудынхаа өмнө хүчин мөхөсдөж байгаа бололтой. Баячуудаасаа бажигддаг засаг төртэй орон Монголоос өөр тийм ч олон байхгүй байхаа... Энэ бол Монголын ЭМГЭНЭЛ юм даа.
эх сурвалж:24news.mn
24news.mn