2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Нельсон Манделагийн гэргий байсан Винни Мандела нас нөгчжээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг цогтой тэмцэгчдийн нэг бөгөөд тус улсын тэргүүн хатагтай байсан Винни Мандела бөөрний өвчний улмаас 81 насандаа нас нөгчсөн тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Винни Мандела болон түүний нөхөр буюу ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Мандела нар нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг 30 орчим жил тууштай тэмцсэн хүмүүс юм.

Хэвлэлийн төлөөлөгчийнх нь мэдэгдсэнээр, бөөрний үрэвслийн улмаас энэ он гарснаас хойш эмнэлэгт хэвтэж байсан Винни Мандела өчигдөр үдийн үед Йоханнесбург хотын нэгэн эмнэлэгт амьсгал хураасан байна.

Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцсэнийхээ төлөө Нельсон Мандела 27 жил шоронд хоригдоод суллагдсаны дараа алдарт хосын хөтлөлцөөд алхаж буй зураг түүх болж үлдсэн байдаг билээ.

Нийгмийн ажилтан мэргэжилтэй хатагтай Винни Мандела 1957 онд 22 настай байхдаа хожмын нөхөр Нельсон Манделатай учирч, нэг жилийн дараа гэрлэж байжээ.

Гэхдээ Нельсон Мандела-г шоронгоос суллагдсанаас хоёр жилийн дараа буюу 1996 онд тэдний хамтын амьдрал дуусгавар болж байв. Хэдийгээр хоёр тийшээ болсон ч 2013 онд таалал төгсөх хүртэл нь Нельсон Манделатай Винни Мандела байнгын холбоотой байжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.