Киргизийн нийслэл Бишкек хотын нэгэн зоогийн газарт болсон хуримын үеэр хоолонд хордсон хүмүүсийн тоо 150-д хүрсэн тухай тус улсын мэдээллийн “Кабар” агентлаг Эрүүл мэндийн яамны эх сурвалжаас иш татан мэдээллээ.
“Ала-Тоо” гэдэг зоогийн газарт болсон хуримын ёслолын дараа хоолны хордлогын шинж тэмдэгтэй 139 хүн Киргизийн Халдвартын эмнэлэгт хандсан байна. Тэднээс 89 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 19 нь хүүхэд ажээ.
Түүнээс гадна, хуриманд оролцсон 12 хүн хордлогын шинж тэмдэгтэйгээр Иссык-Куль мужийн Чолпон-Ата хотын эмнэлэгт хандсан байна.
Улсын ариун цэвэр, эрүүл ахуйн хяналтын төвөөс “Ала-Тоо” зоогийн газарт гэнэтийн шалгалт хийжээ. Урьдчилсан мэдээллээр, тахианы махан хоолноос хүмүүс хордлого авсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.
24news.mn