Киото мужид болсон сүмогийн нэгэн арга хэмжээний үеэр үг хэлж байгаад гэнэт ухаан алдсан хүнд тусламж үзүүлэхээр дэвжээн дээр яаран гарсан эмэгтэйчүүдээс дэвжээнээс буухыг шаардсан шүүгчийн өмнөөс Японы Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү уучлалт гуйжээ.
“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, өчигдөр Киото мужийн Майзүрү хотод болсон арга хэмжээний үеэр тус хотын дарга Риози Татами үг хэлж байгаад гэнэт ухаан алдаж унасан байна. Түүнд туслахаар дэвжээн дээр гарсан эмэгтэйчүүдийг шүүгч буулгахыг оролдон “Эмэгтэй хүн сүмогийн дэвжээн дээр гарах нь зохисгүй” гэжээ. Шүүгчийн энэ үйлдэл нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэжээ.
Үүнтэй холбогдуулан Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү мэдэгдэл хийхдээ “Ухаан алдаж унасан хүнд тусалсан эмэгтэйчүүдэд маш их баярлалаа. Зохисгүй аашилсан шүүгчийн өмнөөс уучлалт гуйж байна” гэжээ.
Ер нь бол, тогтсон уламжлалын дагуу сүмогийн дэвжээн дээр эмэгтэй хүн гарах хориотой байдаг аж.
24news.mn