2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Саудын Арабад эхнэр эсвэл нөхрийнхөө гар утсыг нууцаар шалгахыг "гэмт хэрэг"-т тооцдог болов

Саудын Араб улсад эхнэр эсвэл нөхрийнхөө гар утсыг шалгахыг “гэмт хэрэг”-т тооцдог болж, гэм буруутай этгээдийг нэг жил хүртэлх хугацаагаар шоронд хорих эсвэл 133 мянга хүртэлх ам.доллароор торгож байхаар болсон тухай тус улсын Засгийн газар мэдэгджээ.

Саудын Арабын “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх” тухай шинэ хуульд тусгаснаар, эзнийх нь зөвшөөрөлгүйгээр компьютероос нь хэн нэгэнд мэдээлэл дамжуулах, хэн нэгнийг айлган сүрдүүлэх зорилгоор бусдын компьютерыг ашиглах зэргийг мөн гэмт хэрэгт тооцдог болсон байна.

“Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийгмийн сүлжээнүүдээр бусдыг гутаан доромжлох, гүтгэх, айлган сүрдүүлэх зэрэг кибер гэмт хэрэг гарсаар байна. Тиймээс нийгмийг ёс суртахууны доройтлоос гаргах, иргэдийн ёс суртахууныг дээшлүүлэх зорилгоор энэ хуулийг баталлаа. Энэ хууль нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд адил тэгш үйлчилнэ” гэж Саудын Арабын Засгийн газрын мэдэгдэлд  дурджээ.

Гэхдээ зарим хүн “Энэ нь эрэгтэйчүүдийг хамгаалсан хууль боллоо. Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл болоод нөхрийнхөө гэр бүлээс гадуурх явдлын талаар илчилж мэдүүлэхэд энэ хууль хүндрэл учруулж болзошгүй” гэж үзэж байна.
 
Арабын энэ улсад нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо маш хурдацтай нэмэгдэж байгаа аж. 2017 оны гуравдугаар улирлын байдлаар, тус улсын нийт хүн амын 75 хувь нь нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч байжээ. Тус улсын ард иргэдийн хамгийн өргөнөөр ашигладаг нийгмийн сүлжээ нь “WhatsApp” хэмээх гар утасны мессенжер аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.