2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
"Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох нь Х.Нямбаатар гишүүн"

-Х.НЯМБААТАРЫН ҮЙЛДЭЛ НЬ ЯГ Л “РУЗВЕЛЬТИЙН ЖОР” ТЕХНОЛОГИЙГ 
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭХЛЭЛ МЭТ ХАРАГДАЖ БАЙГАА ЮМ-

 

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Захиргааны хэргийн анхан шатны шүүгчид 50 мянган ам.доллар, давж заалдах шатны шүүгчид 100 мянган доллар,  хяналтын шатны шүүгчид 200 мянган долларын авлига авдаг. Нэг шүүгчийн дансанд 1 сая доллар байсан” гэх мэтээр шүүгчдийг авлигад идэгдсэн тухай ярьж, дараа нь хэвлэлийн бага хурал зарлан дахин мэдэгдсэн нь сүүлийн үеийн онцлох ярианы сэдэв болоод байна. Түүний зөв гэж дэмжиж байгаа хэсэг байхад, чухал асуудалд хөнгөн хуумгай хандлаа гэж шүүмжлэх нэгэн ч байна. Энэ талаар хөндлөнгийн хүний байр суурийг сонирхохоор хуульч, судлаач Б.Мэргэнтэй ярилцсанаа хүргэе.

-Улсын  Их Хурлын гишүүн Х.Нямбаатар шүүгчдийг авлигад идэгдсэн талаар ярих боллоо. Тухайлбал, “Нэг шүүгчийн дансанд 1 сая доллар, 5 настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байсан. Бид шударга ёс, шударга шүүх гэж яриад хэрэггүй болсон” гэх мэтээр ярьсан. Харин та сошиал ертөнцөд түүний талаар нэлээн шүүмжлэнгүй хандсан зүйлсийг бичиж байгаа харагдсан. Яагаад тэр вэ?

-“Цензургүй яриа” нэвтрүүлгийг үзэж байгаад Х.Нямбаатар гишүүн ““Захиргааны хэргийн анхан шатны шүүгчид 50 мянган доллар, давж заалдах шатны шүүгчид 100 мянган доллар,  хяналтын шатны шүүгчид 200 мянган долларын авлига авдаг” гэж ярихыг сонссон. Ингэхдээ ашигт малтмалын хэрэг дээр хууль бус эвлэрлийг баталдаг захиргааны хэргийн шүүхийн шүүгчид гэж онцолж байсан л даа. Миний хувьд захиргааны хэргээр дагнан ажилладаг өмгөөлөгч. Ашигт малтмалын хэргүүд дээр ч ажиллаж байсан. Тэр ч утгаараа авлига авдаг шүүгч байхыг үгүйсгэхгүй ч, гишүүний ярьсанчлан ихэнх шүүгчид ханш тогтоочихсон хэдэн арав, зуун мянган долларын авлига аваад сууж байдаг гэдэгт итгэхгүй. Бас тийм биш гэдгийг ч гадарлана. Улс төрчид олны анхааралд өртөхийн тулд “том” асуудал хөндөж ярих дуртай болохоор нь “арай ч хэтрүүлчихлээ дээ” гэсэн юм бодоод л өнгөрсөн юм.

Гэтэл удалгүй хэвлэлийн бага хурал зарлаад шүүх засаглал, шүүгчдийн талаар шууд итгэхэд эргэлзээтэй зүйлс яриад эхэлсэн л дээ. “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ил болгосон шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад дийлэнх нь тэрбум давсан орлоготой, Ривер Гарден хотхоны хэдэн зуун саяас, тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгддэг орон сууцад амьдардаг болох нь харагдсан. Тэр хөрөнгө орлогын мэдүүлгийг 30 минут л ил болгоод буцаагаад хаасан. Та бүхэн холбоосоор нь ороод үзээрэй. Байхгүй байгаа. Нэг шүүгчийн дансанд 1 сая доллар нэмээд 1 сая төгрөг, 5 настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байсан. Түүнийгээ гэр бүлийн хүнийхээ нотариатын орлого гэж мэдүүлсэн. Хэргийг нь Авлигатай тэмцэх газар шалгаад эхэлтэл ажлаасаа гарчихсан” гэх мэт зүйлийг ярьсан.

Хуульч хүнийхээ хувьд би хэзээ ч эргэлзээтэй мэдээлэлд шууд итгэдэггүй. Заавал эх сурвалжийг нь нягталж хардаг. Угаасаа ч Х.Нямбаатар гишүүний яриа хар ухаанаар бодоод үзсэн ч эргэлзээ төрүүлж байсан учраас шалгаж үзсэн л дээ. Тэгэхэд алхам тутамдаа худлаа ярьж байгаа нь харагдаж байгаа юм. Эхлээд шууд л Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас руу нэвтэрч хөрөнгө орлогын мэдүүлгээ устгасан эсэхийг шалгахад ил хэвээрээ байж л байсан. Одоо ч ил хэвээрээ. 30 минутын дотор хаасан юм байхгүй. Нийт 519 шүүгчээс тэрбум давсан орлоготой шүүгч нэг, Ривер Гарденд хотхонд амьдардаг өөр нэг л шүүгч байсан. Яагаад интернэт ашиглаж чадах хэн ч байсан ороод харчихаж болох зүйлийг ил цагаан худлаа яриад байгааг нь ойлгомжгүй байгаа юм. Бас хар ухаанаар бодоод үзэхэд 1 сая доллар буюу 2 гаруй тэрбум, хүүхдийнхээ дансанд байгаатай нийлээд 3 орчим тэрбум төгрөгийг нотариатын орлого гээд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаад авлигатай тэмцэх газар мэдүүлээд зогсож байх тэнэг хүн байхгүй. Тэгээд АТГ шалгаад эхлэхээр нь ажлаасаа гарчихсан гэж байгаа юм. Авлига авсан хүн ажлаа өгчихөөр л АТГ шалгахаа больчихдог гэж юу байх вэ. Хөөн хэлэлцэх хугацаа нь л дуусчихаагүй бол ажлаа өгсөн эсэхээс үл хамааран шалгагдах болно гэдгийг хуульч хүнийхээ хувьд мэдэж л байгаа. Энгийн хүнд ч ойлгомжтой асуудал шүү дээ.

Ер нь тэгээд хүмүүс, ялангуяа төрийн хариуцлагатай алба хашиж байгаа гишүүн хүн аливаа зүйлийг судалгаатай л ярьж байх хэрэгтэй. Яг судалгаа, тоо баримт ярьвал харин ч Х.Нямбаатарын ярьж байгаагаас эсрэг дүр зураг харагдана.

-Гишүүн өөрөө миний ярьсан хэлсэн бүх зүйл судалгаа, тоо баримттай гээд байгаа шүү дээ?

-Шүүх засаглал авлигад идэгдсэн, ялзарсан, нэг шүүгч сая доллартай, бусад нь мянга мянган долларын авлига авдаг гээд л байгаа болохоос яг баримт огт дэлгээгүй шүү дээ. Манайхан дотоодын судлаач, судалгааны байгууллагадаа итгэдэггүй сул талтай. Тиймээс би гадны байгууллагын гуравхан л жишээ хэлье. Азийн сан Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгааг жил бүр хийдэг. Энэ судалгаагаар Монгол Улсад хамгийн их авлигатай таван байгууллагыг зарласаар ирсэн. 2009 оны судалгаагаар шүүх дээрээсээ хоёрт орох их авлига авдаг байгууллага гэж зарлагдсан бол 2011 онд 3-т байсан. Харин сүүлийн 5 жил эхний 5-т нэг ч дурдагдаагүй. 2017 онд гэхэд хамгийн их авлига авдаг байгууллага, салбараар газар ашиглалт, улс төрийн намууд, уул уурхай, хууль тогтоох буюу УИХ, Засгийн газар гэсэн дараалалтай шалгарсан байх жишээтэй. Мөн Азийн сангаас бизнес эрхлэхэд аль салбар дахь авлига саад тотгор учруулдаг вэ гэх судалгааг хийхэд шүүхийн салбарыг нэрлээгүй байсан. Олон улсын Трансперенси Интернешнл байгууллагаас жил бүр авлигын түвшингөөр нь улс орнуудыг жагсаадаг. Манай улс 2016 онд 87 дугаар байранд байсан бол 2017 онд 103 руу ухарсан. Хэдийгээр урьд жилийнхээс их авлига авдаг болсон мэт харагдаж байгаа ч доторх задаргааг нь харах юм бол шүүхийн салбар харин ч авлига багассан эерэг дүнтэй гарсан байгаа. Өөр бусад салбарт ихэссэн авлига нь улсын дундаж үнэлгээг бууруулсан гэсэн үг л дээ.

-Тэгвэл Х.Нямбаатар гишүүн ямар зорилгоор худал мэдээлэл тарааж шүүх рүү дайраад байна гэж та бодож байна?

-Хэд хэдэн шалтгаан байж болно гэж харж байна. Жижгээс нь эхэлье л дээ. Юуны өмнө хувийн шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Х.Нямбаатар нь 2000-аад оны эхээс нэлээн хэдэн жил өмгөөлөгч хийсэн байдаг.

Түүний талаар өмгөөлөгч Г.Батбаярын “Х.Нямбаатараа чи тийм цэвэр ариун нөхөр биш шүү дээ. Өөрөө шүүх дээр ялах гээд авлига өгөөд гүйж байсан биз дээ” гэж бичсэнийг харж байсан. Мөн өмгөөлөгчийнхөө хувиар Захиргааны шүүх дээр хэд хэдэн том хэрэгт ялагдаж байсан гэж сонссон. 2012 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хууль бусаар нэр дэвшиж сонгогдсон нь тогтоогдож байна гэж тухайн үедээ нэлээд маргаан дагуулсан. Мөн л шүүх дээр ялагдсан ч бүр ИТХ-ынхаа дарга нь болсон байдаг. Энэ талаар сэтгүүлчид та нар өөрөөс нь тодруулсан нь дээр байх.

Мөн та бүхэн анзаарсан бол шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар иргэдийн дунд маш хүчтэй яригдсан боловч түүний дараа гарсан улс төрчдийн хөрөнгө орлогын талаар тэгж их яригдсангүй өнгөрлөө. Өнөөх шүүгчдээ ярьсаар л. Азийн сангийн судалгаагаар хамгийн их авлига авдаг 5 салбарын нэгэнд гишүүд өөрсдөө орж байгаа. Магадгүй өөрсдийн мэдүүлгийн талаарх яриаг дарахын тулд шүүгчдийн хөрөнгийн талаарх шуугианыг дэврээсэн байж болох талтай.

Х.Нямбаатар гишүүний өөрийнх нь ХОМ-ыг аваад үзье л дээ. Гишүүн болохоосоо өмнө гэр бүлийн хамт 38 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, 1 байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн хувьцаатай байсан бол гишүүн болоод нэг жил л өнгөрөхөд орлого нь 160 сая болж өссөн, 50 саяын малтай, 90 саяын lexus 570 машинтай, 2 байртай, 100 хувь эзэмшдэг 3 компанитай болчихсон байх жишээтэй. Шүүгчдийг жилдээ 36 саяын цалинтай байх ёстой хүмүүс яаж 100 саяын орлоготой байх боломжтой вэ гээд байдаг. Гэтэл өөрөө жилдээ хориодхон сая төгрөгийн цалинтай байж яаж орлого, эд хөрөнгө, мал, хувьцаа нь ингэж огцом өссөн байх уу? Энэ мэтчилэн хувийн шалтгаанууд байж болно.

-Жижиг шалтгаан гээд дээрхийг дурдлаа. Тэгвэл жижиг биш шалтгаан байж бас болно гэсэн үг үү?

-Өргөн хүрээнд харвал дээрхээс хамаагүй том шалтгаан байна гэж хардаж болохоор байгаа юм.  Ойлгомжтой болгохын тулд эхлээд товчхон түүх ярья л даа. 1930-аад онд Америк үндэстэн дотооддоо маш их хямралтай байсан. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Франклин Рузвельт өөрийн болон Ардчилсан намынх нь эсрэг шийдвэр гаргадаг гэж үздэг зарим шүүгчдийг чөлөөлөх, улмаар өөрийн засаг захиргааны хуулийн асуудлыг дэмждэг шүүгчдээр дүүргэх боломжтой болохын тулд Дээд шүүхийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Конгресс рүү оруулж байлаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд шүүхэд хамааралтай хуулиудыг өөрчлөх саналыг л гаргах эрхтэй болохоос шүүхийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эрхгүй болохоор Конгресст хандсан хэрэг л дээ. Рузвельт санаачилсан хуулийн төслөө батлуулахын тулд шүүх засаглалд том өөрчлөлт хийх, шүүгчдийг солих зайлшгүй шаардлагатай юм байна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж, иргэдийн дэмжлэгийг авах нь маш чухал байлаа. Тиймээс шүүгчдийг авлига авдаг, хууль бусаар асар их хэмжээний хөрөнгөтэй болсон зэргээр гүтгэх, олон нийтэд муу муухай харагдуулж, үзэн ядуулах ажлыг маш ихээр хийсэн байдаг. Конгресс хуулийн төслийг нь батлаагүй учир Рузвельтийн санаархал бүтэлгүйтсэн юм. Гэсэн ч түүний энэ технологи дэлхий дахинаа “Рузвельтийн жор” гэх нэрээр алдаршиж, хэд хэдэн улсын эрх баригчид ашигласан байдаг юм.

Уг технологийг амжилттай хэрэгжүүлсэн хамгийн ойрын том улс төрч гэвэл Туркийн Ерөнхийлөгч Эрдоган байна. Түүний хувьд хэмжээгүй эрх мэдэлтэй байхыг хүссэн. Үүний тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, шүүх эрх мэдлийг гартаа авахыг зорьсон юм. Үүний тулд мөн л шүүхийг муухай харагдуулах, өөрчлөхөөс аргагүй гэсэн сэдлийг нийгэмд төрүүлэх шаардлагатай болсон. Гэтэл 2016 оны 7 сард Туркэд цэргийн эргэлт хийх оролдлого гарсан бөгөөд тухайн үед шүүх, прокурорыг арми томилдог байсан юм. Эрдоган ч үүнийг нь ашиглан шүүх, прокурорыг арми томилдог байх нь цэргийн фашизм авчирч, авлига цэцэглэхэд нөлөөлж байна гэж шалтаглан 30 мянга гаруй цэргийн албан хаагч, шүүгч болон бусад хүмүүсийг баривчлан саатуулж, ажлаас нь халсан байдаг. Улмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулан цэргийн шүүхийг татан буулгаж, шүүх, прокурорын томилгоог Ерөнхийлөгчийн эрх мэдэлд шилжүүлэх ажлыг хийсэн. Цаашлаад эрүүгийн хариуцлагыг Ерөнхийлөгч хүлээлгэж,  цаазын ялыг сэргээнэ гэдгээ ч мэдэгдээд байгаа. Энэ нь нэг талаар одоо шоронд хоригдож буй улстөрийн дайснуудаасаа нэгмөсөн салах, нөгөө талаар өөрийнх нь эсрэг байж болзошгүй ард иргэдийн бухимдлыг айдас хүйдсээр аргамжин тогтоох гэсэн зорилготой гэдгийг шинжээчид хэлдэг.

Х.Нямбаатарын үйлдэл нь яг л дээрх “Рузвельтийн жор” технологийг хэрэгжүүлэх эхлэл мэт харагдаж байгаа юм. Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бууруулахаа хүрвэл их амархан л даа. Энгийнээр бодоод үзье. 100 хэрэг шийдэгдлээ гэхэд маргааны нэг тал нь заавал гомдох учир 100 гомдогчтой. Тэдгээр хүмүүсийн дунд л “Та нарын хэргийг авлига аваад шийдчихсэн байна ш дээ” гээд л “бөмбөг хаяхад” дорхноо гал дүрэлзээд л явчихна. Дээр нь эх сурвалжгүйгээр итгэж дагадаг хүмүүс нэмэгдэнэ. Ингээд л шүүх засаглалаа шинэчилье, шүүгчдийг өөрчилье, үүний тулд Үндсэн хуулиа эргэж харах шаардлагатай гээд эхэлнэ гэсэн үг.

-Хэнд ашигтай гэж, яагаад энэ жорыг Монголд хэрэглэнэ гэж. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, шүүх засаглалыг “шинэчлэх” гэж байна гэж харж байгаа юмаа даа?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх дээр улс төрч, судлаачид хоёр талд хуваагддаг. Зарим нь 1992 онд батлагдсан Үндсэн хууль өөрийн үүргээ гүйцэтгэсэн. Цаг үе өөрчлөгдөж, нийгмийн харилцаа шинэчлэгдэж байгаа тул түүнийгээ дагаад өөрчлөх ёстой гэж үздэг. Нөгөө хэсэг нь манай Үндсэн хуулийн нөөц бололцоо шавхагдаагүй. Зөв тайлбарлаад хэрэглэвэл болохгүй зүйл байхгүй. Харин ч сайн Үндсэн хууль гэх нь ч бий. Гэхдээ хэрвээ өөрчлөх бол ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэдэг дээр ерөнхийдөө санал нэгдэж байгаа. Ард нийтийн санал асуулгын тухай хууль дээр ч энэ тухай бичсэн байдаг. Үүнийг далимдуулаад өөрсдийн эрх ашигт нийцсэн заалтуудыг Үндсэн хуульд оруулж өгөх сонирхолтой бүлэг байгаа. Тэд шүүх засаглал ингэтлээ ялзарсан байна, тийм учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж л энэ бүхнийг засна гэдэг дээр иргэдийн сэтгэл зүйг эртнээс бэлдэж байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байсан ч  шүүхийн багц хуульд өөрчлөлт оруулж таарна. Уг нь 2013 оноос шүүхийн багц хууль шинэчлэгдэн хэрэгжиж байгаа. Түүнээс хойш шүүх засаглалд эерэг зүйлс ажиглагдсаар байгаа нь судалгаануудаас харагддаг. Тухайлбал, жил бүр хийгддэг иргэдийн шүүхэд итгэх итгэлийн талаарх судалгааны сүүлийн 5 жилийн үр дүнг харвал байнга л 60-аас дээш хувь нь итгэдгээ илэрхийлсээр ирлээ. Энэ бол маш том үзүүлэлт. Бидэнтэй нэг гараанаас эхэлсэн пост социалист улсуудад гэхэд л 20-30 хувь л байдаг. Мөн өмнө хэлсэнчлэн олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар шүүх дэх авлига буурсаар ирсэн. Гэтэл Х.Нямбаатар нарын улс төрчид шүүх багц хууль шинэчлэгдсэний үр дүнд шүүх засаглал авлигад идэгдсэн, уруудсаар байна гэж мэдээллээд байгаа нь ямар учиртай вэ. Та бүхэн анзаарвал “2010 оноос хойш шүүгч болсон бүх хүнийг шалгах ёстой” гэх мэтээр яриад байгаа. Яагаад заавал 2010 оноос хойш гэж. Тэрнээс өмнө шүүгчид авлига авдаггүй байсан юм уу? Үгүй шүү дээ. Харин ч их авлига авдаг байсан нь судалгаанаас харагдана. Энэ бүхэн ерөөсөө л Ц.Элбэгдоржийн хийсэн шинэчлэлээс бүх зүйл боллоо, тухайн үед томилогдсон шүүгчид авлига авдаг, тиймээс тэр шинэчлэлийг бүрэн үгүй хийж, шүүхийн багц хуулиа шинээр баталъя гэсэн шалтаг л хайж байгаа хэрэг. Х.Нямбаатар ч үүнийгээ шууд хэлсэн байна лээ ш дээ. “Бид шүүгчдийг өөрчлөхгүй тохиолдолд шударга ёс яриад хэрэггүй. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шударга л байя гэж ярьж байгаад 2013 онд эхлүүлсэн шүүхийн шинэчлэлийн бодит үр дүн энэ. Ийм тогтолцоог өөрчлөхгүйгээр бид нар дахиж нийгмийн шинэчлэл, реформ, улс хөгжих тухай юу ч яриад хэрэггүй. Улс төрчдийг дахиж бүгдийг нь шийтгэж, албан тушаалтнуудыг цээрлүүлэх тухай бүр ч ярилтгүй. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэн даруй хийж шүүх прокурорт салхи савир оруулж байж дараагийн шударга ёсны тухай ярина” гээд. Үүнийг нь ч батлах мэт Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өнгөрсөн долоо хоногт “Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. Мөн Шүүхийн багц хуулийн төслийг ч хэлэлцэнэ. Төслийг нь Хууль зүйн яаман дээр Ц. Нямдорж боловсруулсан байгаа” гэсэн ярилцлагыг өгсөн байна лээ. Ингээд л галт тэрэг хөдөлж байгаа юм.

Миний сонссоноор Үндсэн хууль, шүүхийн багц хуулийн өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийг Хууль зүйн яамны харъяанд авч, Дээд шүүхийн шүүгчдийн тоог хасах замаар бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах юм гэсэн. Өөрсдийнхөө эрх ашигт үйлчилдэг хүмүүсийг л тавих гэж байгаа хэрэг. Өмнө нь шүүхийн захиргааны байгууллага хууль зүйн сайдын мэдэлд байсан түүх бидэнд байгаа. Манай улс арваад жил тийм тогтолцоог хэрэгжүүлээд бүтэхгүй юм байна гээд одоогийн Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсан. Анхан, давах, хяналтын шатны шүүхээс нэг нэг, хуульчдын холбооноос нэг, хууль зүйн яамнаас нэг төлөөлөл гээд 5 гишүүнтэйгээр хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, шүүгчдээ сонгон шалгаруулдаг. Гэтэл энэ дэвшилтэт тогтолцоогоо үр дүнгүй нь батлагдсан хууль зүйн яамны харьяанд байдаг хэлбэрээр зохион байгуулж ухралт хийх гэж байна. Бүр бүрэлдэхүүнд нь улс төрчид илүү орж, шүүгчдийн төлөөлөл хэлбэрийн төдий цөөхөн байхаар зохион байгуулах сурагтай. Яагаад хууль зүйн сайдын яамны дэргэд байж болдоггүй гэхээр улс төрчдийн шууд орчихдог. Цалин нийгмийн хангамжийг нь шийдэж байгаа гэдэг утгаараа шүүгчдэд үүрэг даалгавар өгдөг, дарамталдаг. Шүүгчдийг дуудан хэргийн материалтай танилцдаг байсан тохиолдол ч гардаг байсан. Тэгэхээр нөгөө шүүх засаглал нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаа хянадаг төрийн эрх мэдлийн хуваарилалт гэдэг зүйл чинь байхгүй болчихно гэсэн үг. Энд бас нэг ноцтой зүйл яригдаж байгаа нь Захиргааны шүүхийн татан буулгах тухай яриа.

-Юу. Яагаад захиргааны хэргийн шүүхийн татан буулгадаг билээ?

-Уг нь тийм. Та нар анзаарвал Х.Нямбаатар гишүүн зөвхөн Захиргааны шүүх, захиргааны шүүгчдийг л онцолж дайраад байгаа нь ийм хардлагад хүргэж байгаа юм. “Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар хөрөнгөжсөн.... Зөвхөн захиргааны хэргийн шүүхийн хэсэг бүлэг шүүгчидтэй холбогдуулж өргөтгөсөн шалгалт явуулна” гээд л. Яагаад заавал захиргааны хэргийн шүүхийг онцлоод байгаа хэрэг вэ? Бусад шүүхийн шүүгчид авлига авдаггүй, зөвхөн захиргааны шүүгчид л авлига авдаг гэж үү? Эвлэрлийг баталгаажуулдаг л гэнэ. Энгийнээр бодоход хоёр тал эвлэрье гээд ирэхэд нь шүүгч “Үгүй ээ эвлэрүүлэхгүй ээ, та хоёр заавал заргалд” гээд байж болохгүй биз дээ.

Би шүүгчид авлига огт авдаггүй гэж хэлж чадахгүй. Жил бүр хамгийн авлигагүй улсаар шалгардаг Дани хүртэл 100 онооноос 80 гаруй оноо л авсан байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний авлига байдаг л гэсэн үг. Манайд ч тодорхой шүүгчид авлига авдаг байхыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм шүүгчийн талаар баримт байгаа бол түүнийгээ дэлгээд тэр шүүчгтэй л хариуцлага тооцох тухай ярих хэрэгтэй. Гэтэл яагаад 2010 оноос л хойшх шүүгчид, тэр дундаа зөвхөн захиргааны шүүгчдийг онцлоод байгаа юм гэдэг асуулт гарна аа даа.

Манай улс 2002 онд захиргааны хэргийн анхан шатны шүүхийг байгуулж байсан. Тухайн үедээ маш том шинэчлэл, том алхам болсон. 2010 онд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулсан. Улмаар 2016 онд Захиргааны ерөнхий хуулийг баталсан нь энэ салбарт зарим нэг хөгжингүй улсаас ч урд алхаж байгааг Германы эрдэмтэд онцолсон байдаг. Захиргааны шүүх төрийн байгууллагын хууль бус шийдвэрээс иргэдийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалж байдаг. Гэтэл бид захиргааны шүүхээ татан буулгах тухай ярьж болзошгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Цаг үетэйгээ холбоод ярьвал Эрдэнэтийн маргаантай асуудлыг Захиргааны хэргийн шүүхээр шийдүүлэхгүй гэсэн санаархал ч байж болох юм. Ингээд бодоод байхаар Х.Нямбаатар гишүүн энэ бүхнийг хийхэд жулдана л даа. Ийм зүйлийн цаана түлхүүрдээд сууж байдаг илүү том улс төр бий.

-Тийм гэж үү? Хэн байж болох уу?

-Шуудхан хэлэхэд хууль зүйн сайдыг хардаж байна. Ц.Нямдорж 2003 онд гишүүн байхдаа Дээд шүүхийн 18 шүүгчийг 13 болгож чадсан. Дуулгаваргүй шүүгч нараас салах гэж тоог нь хассан. Өмнө нь хууль зүйн сайдын харьяанд байсан шүүхийн захиргааг дахин өөрийнхөө мэдэлд авч, эрх мэдлээ нэмэх гэж байж болзошгүй юм. Яаман дээрээ шүүхийн багц хуулийн төслийг боловсруулаад одоо эхлэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа нь ч тодорхой болчихлоо. Ц.Нямдорж сайд өөрөө бусдын байранд үнэ төлбөргүй суудаг нь авлигын шинжтэй гээд Үндсэн хуулийн цэц дээр эгүүлэн татах асуудал нь яригдаж байгаа учраас өөрөө ил гараад шүүхийг шүүмжлээд байж болохгүй нөхцөл байдалтай байгаа. Тиймээс л Х.Нямбаатарыг нохойд барьдаг мод болгож байгаа болов уу?

-“Яагаад ийнхүү зоригтой дуугарч байгаа юм бол” гэж бодогдож байна?

-Шүүх засаглал гэдэг хэн дуртай нь өөрийн эрх ашигтаа нийцүүлэн самраад байдаг салбар биш. Шүүх, банк хоёр яг л адилхан иргэдийн итгэл дээр тогтдог эмзэг салбар. Хүмүүс миний мөнгийг найдвартай хадгална гэсэн итгэл дээр үндэслэж л банкид мөнгөө хадгалуулдаг. Хэн нэгэн банк дампуурах нь гэсэн цуурхал тараахад л хүмүүс хадгаламжаа татаад эхэлдэг шүү дээ. Улмаар банк дампуураад зогсохгүй улсын эдийн засагт ч сөргөөр нөлөөлнө. Шүүх ч ялгаагүй, иргэдийн итгэл дээр л тогтдог. Иргэд шүүхэд итгэхээ байчихвал шийдвэрийнх нь үнэ цэнэ буурна, биелүүлэх хүн гарахгүй. Үр дүнд нь хэлбэрийн төдий хууль, шүүхтэй үед дур зорго л ноёрхоно. Улс сүйрнэ. “Шүүх засаглалаараа оролдвол төр улс мөхдөг” гэсэн үг хүртэл байдаг шүү дээ. Тиймээс миний таамаг үнэн байж, улс төрийн зорилгоор шүүх засаглалыг самрах гэж байгаа бол хуульчид бид шүүхээ, эрх зүйн тогтолцоогоо, цаашлаад үндэсний эрх ашгаа хамгаалахын тулд дуугарч байх нь энэ мэргэжлийг эзэмшсэн хүн бүрийн үүрэг юм даа. 

М.МОЛОР

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.