2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Цөмийн зэвсгээс нь нэг жилийн дотор ангижруулахыг Д.Трамп хүснэ
АНУ болон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэх асуудлын нарийн ширийн зүйлийг талууд зөвшилцөж байна гэж “The Chosun Ilbo” сонин мэдээлжээ.
 
Тус сонины мэдээлснээр, уулзалт болсноос хойш зургаан сар эсвэл нэг жилийн дотор Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосоос хүсэх аж.    
 
“АНУ-ын одоогийн засаг захиргаатай тохиролцсон нөхцөлүүдийг шинээр гарч ирэх дараагийн засаг захиргаа нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж магадгүй хэмээн Умард Солонгосын тал болгоомжилж байгаа учир цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг алхам алхмаар шат дараалсан байдлаар авч хэрэгжүүлэх ёстой” гэж Умард Солонгосын эрх баригчид үзэж байгаа аж.
 
Харин Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун-д бүрэн итгэж чадахгүй байгаа тул цөмийн хөтөлбөрөөс нь нэг жилийн хугацаанд баталгаатай, эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзуулахыг Д.Трамп хүсч байж магадгүй гэнэ.
 
Ким Жөн Ун болон Д.Трамп нарын түүхэн уулзалтыг хэзээ, хаана хийх тухай баттай мэдээллийг ирэх долоо хоногт зарлах аж. Яриа хэлэлцээ 5 дугаар сард юмуу 6 дугаар сард болж магадгүй гэж өмнө нь АНУ-ын төрийн тэргүүн мэдэгдэж байсан юм.

Харин хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг энэ сарын 27-нд хийхээр талууд тохиролцсон юм. Одоогоор тус уулзалтад бэлтгэх асуудлаар талууд хэд хэдэн удаа яриа хэлэлцээ хийж байгаа аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.