Японы судлаачид Токио хотоос зүүн өмнөд зүгт 1900 гаруй км зайтай орших Минами-Торишима арлын ойролцоох далайн ёроолоос дэлхийн хэдэн зуун жилийн эрэлт хэрэгцээг хангахуйц хэмжээний буюу 16 сая гаруй тонн газрын ховор элементийн нөөц бүхий ордуудыг олж илрүүлжээ.
"Киодо" агентлагийн мэдээлснээр, Японы Васэда их сургуулийн судлаач Ютаро Такая, Токиогийн их сургуулийн профессор Ясүхиро Като тэргүүтэй судлаачдын баг ийм их хэмжээний газрын ховор элементийн нөөц бүхий ордуудыг олж илрүүлсэн тухайгаа Их Британийн “Scientific Reports” шинжлэх ухааны онлайн сэтгүүлээр дамжуулан энэ долоо хоногийн эхээр нийтэд зарласан байна.
Газрын ховор элементийг үр ашигтайгаар олборлох технологийг боловсруулснаас гадна энэхүү ашигт малтмалыг олборлохын тулд хувийн компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа тэд мөн зарлажээ.
Газрын ховор элементийг гибрид буюу хосолмол хөдөлгүүртэй авто машин /бензин болон цахилгаанаар явдаг/ болон салхин сэнсний соронз зэрэг өргөн цар хүрээг хамарсан өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийг хийхэд ашигладаг юм.
Дэлхийн ихэнх улс орон нь газрын ховор элементийн хувьд Хятадаас ихээхэн хамааралтай байдаг. Хятад улс нь дэлхийн газрын ховор элементийн эрэлт хэрэгцээний 90 хувийг дангаараа хангадаг юм. Нэг улс дангаараа ноёрхож байгаатай холбоотойгоор энэ ашигт малтмалын үнэ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, улмаар хомсдол үүсэх болсон байна.
Япон улс эдийн засгийн онцгой бүсээсээ их хэмжээний газрын ховор элемент олж илрүүлсэн гэх энэ мэдээлэл нь “ашигт малтмалын нөөцөөр тааруу” гэх Японы тодотголыг авч хаяхад тус болно гэж шинжээчид үзэж байна.
Судлаачдын баг Минами-Торишима арлын өмнө хэсэгт 2500 хав.дөр.км газрын 25 байршлаас газрын ховор элементийн дээж авч, судалсны дүнд “Тус газарт дэлхийн 730 жилийн эрэлт хэрэгцээг хангахуйц хэмжээний диспроси /гибрид машины соронз хийхэд ашигладаг газрын ховор элемент/, 780 жилийн эрэлт хэрэгцээг хангахуйц хэмжээний иттрий /лазер хийхэд ашигладаг газрын ховор элемент/ байна” гэсэн дүгнэлтэд хүрчээ.
24news.mn