2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Пулитцерийн шагналын эзэд тодорчээ
Холливудын нэрт продюсер Харви Вайнштейнтай холбоотой бэлгийн дарамт болон бэлгийн хүчирхийллийн хэргийг анх нийтэд дэлгэсэн “Нью-Йорк Таймс” сонин болон “Нью-Йоркер” сэтгүүл Америкийн сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерын шагналыг хүртлээ гэж "Ассошиэтед Пресс" агентлаг мэдээлэв.

Тус хоёр хэвлэл Х.Вайнштейнтай холбоотой бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргийн талаар анх мэдээлснээр АНУ-д олон эмэгтэй, тэдгээрийн дотор Холливудын жүжигчин бүсгүйчүүд түүний дарамт шахалт, хүчирхийлэлд өртөж байснаа зоригтойгоор нийтэд дэлгэж, бэлгийн хүчирхийлэлттэй тэмцэхийг уриалах болсон юм.

Алабама муж улсаас Сенатад нэр дэвшин өрсөлдөж байсан Рой Мур эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийг мөн анх мэдээлсэн “Вашингтон Пост” сонин энэ оны эрэн сурвалжлах сэтгүйлзүйн салбарт Пулитцерын шагнал хүртсэн байна. Бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргийг Бүгд найрамдах намын гишүүн Рой Мур үгүйсгэсээр ирсэн ч энэ дуулиан нь түүнийг өнгөрсөн оны 12 дугаар сард болсон сенатын нөхөн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Дуг Жонст ялагдахад ихээхэн нөлөөлсөн юм.

Мөн Ройтерс” агентлаг гэрэл зургийн сурвалжлагын төрөлд Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудын хямралын талаарх сурвалжлагаараа Пулитцерын шагнал хүртжээ.

Сэтгүүлзүйн салбарын “Оскар” гэгддэг Пулитцерын шагналыг 1917 оноос олгож эхэлсэн байна. Энэ шагналыг сэтгүйлзүйн салбараас гадна урлаг, утга зохиолын салбарт амжилт гаргасан уран бүтээлчдэд олгодог аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.