Халуун оронд төрж, өссөн дэлхийн цорын ганц цагаан баавгай Сингапурын амьтны хүрээлэнд 27 насандаа амьсгал хураасан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.
Сингапурын амьтны хүрээлэнгийн мэдэгдэлд “Насны доройтолд орж, чих, шүдний өвчнөөс эхлүүлээд үе мөчний өвчин зэрэг олон өвчинд баригдаад байсан “Инука” цагаан баавгайд “хүмүүнлэг ёс”-ны үүднээс үхлийн тариа тарин зовлонгоос нь гэтэлгэлээ” гэжээ.
Тус амьтны хүрээлэнд төрсөн Инука цагаан баавгай нь зэрлэг цагаан баавгайн дундаж наслалтаас даруй 10 гаруй жилээр урт насалжээ. Хүнээр бол энэ амьтан 70 гаруй жил амьдарсан гэсэн үг аж. Инука насны доройтлын улмаас сүүлдээ хоолноос гарч, алхаж ч чадахаа болиод байсан гэж амьтны хүрээлэнгийн төлөөлөгч ярьжээ.
Сингапур нь экватороос дээш ганцхан градусын зайтай оршдог бөгөөд тус улсад өдрийн цагаар агаарын температур Цельсийн 25 градусаас бараг буудаггүй юм. Өөрөөр хэлбэл, тус улс нь цагаан баавгай амьдрахад туйлын тохиромжгүй газар билээ.
Гэхдээ 1990 оны 12 дугаар сарын 20-нд төрсөн Инука баавгай тусгайлан бэлтгэсэн сэрүүн орчинд насаараа амьдарчээ. Инукагийн эцэг эхийг Сингупаурын амьтны хүрээлэнд 1978 онд Канад болон Германаас авчирч байсан байна. Эцэг Нанук нь 1995 онд 18 настайдаа, эх нь 2012 онд 35 настайдаа амьсгал хураасан гэнэ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдэгдсэнээр, одоогоор байгальд 22 мянга орчим цагаан баавгай бий ажээ.
24news.mn