2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг орших улсын хилийн зурваст торон хашаа татахаар болжээ.

Тодруулж хэлбэл, Монгол Улсын хилийн 26, 27-27/1, 38-42 дугаар тэмдгийн хооронд дөрвөн километр урт өргөст утсан хашааг чулуун болон нүхэн саадын хамт байгуулах юм.

Уг ажилд зориулж аймгийн төсвөөс 11,8 сая төгрөг шийдвэрлэсэн бөгөөд тендерийг нь өчигдөр зарласан байна. Мөн торон хашаа татах ажилд дээрх хэсгийг хариуцах хилийн цэргийн 0285 дугаар анги дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах ба энэ онд багтаан дуусгах аж. 

2017 онд Баян-Өлгий аймгийн хил орчмын бүс нутгуудаас хоёр удаагийн тохиолдлоор 70-аад адуу хил даван хулгайлагджээ. Үүний 28 нь Ногооннуур сумаас алдагдсан байна. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард  тус сумын нутаг болох Асгатын заставын хэсгээр мал хулгайлах зорилгоор хил нэвтрэн орж ирсэн ОХУ-ын Тува Улсын дөрвөн иргэнийг хилчид саатуулжээ.

Иймд хилийн зурваст торон хашаа татсанаар хил зөрчигчийн үйлдлийг таслан зогсоох, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж албаны хүмүүс үзэж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.