Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр Солонгосыг тусгаарладаг Цэрэггүй бүсийн Панмүнжом тосгонд дээд хэмжээний уулзалт хийхийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ятгаж, Ким ч ятгалагт орсон гэж нэгэн эх сурвалж “Си-Эн-Эн” телевизэд мэдэгджээ.
Хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн долоо хоногт Панмүнжомд түүхэн уулзалт хийн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, Солонгосын дайныг албан ёсоор дуусгахаар тохиролцсон билээ.
Эх сурвалж хэлэхдээ “Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийсэн газарт Трамп-Кимийн уулзалт болох магадлал “тун өндөр” байна. Энэ газар ложистикийн хувьд Трамп-Кимийн уулзалтыг хийхэд хамгийн тохиромжтой газар. Саяхан хоёр Солонгосын удирдагчид энд уулзсан учир хэвлэл мэдээллийн тоног төхөөрөмжүүд бүгд бэлэн байгаа. Ким, Трамп нар “тавдугаар сарын сүүлчээр” энд уулзах магадлалтай байна” гэжээ.
Цэрэггүй бүсийн Умард Солонгосын талд харьяалагддаг хэсэгт очно гэдэг Д.Трампын хувьд мөн “түүхэн боломж” гэж эх сурвалж хэлээд “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ч Трамп, Ким нарын дээд хэмжээний уулзалтын зарим хэсэгт оролцож магадгүй” гэсэн байна.
“Трамп-Кимийн уулзалт Цэрэггүй бүсэд болоход гайхах юм байхгүй. Д.Трамп ч өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдийн турш энэ уулзалтыг Цэрэггүй бүсийн Панмүнжомд зохион байгуулах асуудлыг л ярьсан. Тэрбээр ням гарагт Мүнтэй утсаар ярихдаа ийм бодолтой байгаагаа илэрхийлсэн” гэж АНУ-ын нөлөө бүхий өөр нэгэн эх сурвалж “Си-Эн-Эн” телевизэд мөн мэдэгджээ.
Эх сурвалжуудын хэлснээр, хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын зургууд, тухайлбал хилийн шугамны хоёр талаас гар барьж, хилийн шугамыг давж алхаж байгааг харуулсан зураг, энэ уулзалтыг телевизээрээр шууд дамжуулж байсан нь Д.Трампт ихэд таалагдсан гэнэ.
Цэрэггүй бүсэд дээд хэмжээний уулзалтыг хийхэд болохгүй гэх газаргүй гэдгийг Д.Трамп ч өчигдөр өөрөө сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ хэлсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон, 2007 оноос хойшхи хоёр Солонгос хоорондын анхны дээд хэмжээний уулзалтыг хэдэн сая хүн телевизээр шууд үзсэн юм. Мүн Жэ Ин Сөүлээс хөдлөхөөс эхлүүлээд Ким Жөн Ун хилийн шугам давах хүртэлх бүх л агшныг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэрэл зургийн хальсанд буулгаж, дүрсжүүлсэн билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч ч яг ийм зүйлсийг, тухайлбал хил дамнан гар барихыг хүсэн хүлээж байгаа бололтой. Хэрвээ АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт төлөвлөгөө ёсны дагуу болвол Д.Трамп нь АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Умард Солонгосын удирдагчтай уулзсан анхны хүн болно.
Сингапур болон бусад улсад Трамп-Кимийн уулзалт болж магадгүй гэсэн мэдээллүүдийн тухайд АНУ-ын албаны хүмүүс хэлэхдээ “Сингапур болоод бусад улсад энэ уулзалтыг хийвэл ямар ч “бэлгэдэл”-гүй. Бэлгэдэл гэхээсээ илүүтэйгээр ложистикийн шалтгаантай холбоотойгоор өөр газруудад болох магадлалыг шинжээчид дэвшүүлж байна” гэжээ.
24news.mn